ОХУ шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар хамгийн их тархсан 5 улсын нэг болов

Дэлхийн мэдээ

ОХУ-д “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо тав дахь өдрөө дараалан 10 гаруй мянгаар нэмэгдэж, 177 мянга давлаа. Ингэснээр шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар хамгийн их тархсан таван улсын нэг болоод байна.

Москвад халдварын тохиолдол 300 мянга давах магадлалтай гэсэн тооцооллыг хотын захирагч нь танилцуулсан байна.

Москва хотын Захирагч Сергей Собянин
“Москвад шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол 250-300 мянга хүрэх төлөвтэй байна. Тохиолдлуудыг аль болох түргэн илрүүлж, тусгаарлах арга хэмжээг чандлан сахиж, шаардлагатай эмчилгээг нь үзүүлэх болно. Ингэснээр нөхцөл байдал хүндэрч эмнэлэгт байдал дордохоос сэргийлж чадна” гэж мэдэгдлээ.

Харин АНУ-д халдварын тохиолдол 2.4 хувиар нэмэгдэж, 1.2 сая давлаа. Энэ нь сүүлийн нэг долоо хоногийн дундажтай тэнцсэн дүн болж байна. АНУ-ын Хүнс, Эмийн Удирдах газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн “N-95” амны хаалтыг яаралтай үед их хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцалжээ. Тус улсын Засгийн газраас тест явуулахад энэхүү амны хаалт нь олон тоогоороо хэрэглээний шаардлага хангаагүй байна.

Үүнээс гадна АНУ-ын “Moderna” компани туршилтын вакцин нь энэ зуны эхээр эцсийн шатандаа орно гэж мэдэгдсэн байна. АНУ эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөнүүддээ “Remdesivir” эмийг л хэрэглэж байгааг “Gilead Sciences” компани мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн Япон улс “Gilead Sciences”-ийн “Remdesivir” эмийг “COVID-19”-өөр өвдсөн өвчтөнүүддээ хэрэглэх зөвшөөрөл олголоо.

Азиас Энэтхэгт “COVID-19”-ийн халдварын тохиолдол 3.3 мянгаар нэмэгдэж 56 мянга давсан бол Пакистанд 1.4 мянгаар нэмэгджээ.

Бразилд халдварын тохиолдол 8.4 мянгаар нэмэгдсэн бол Өмнөд Африкт 660-аар буюу өмнө нь байгаагүй ихээр нэмэгдсэн байна. "Хязгаарлалтын арга хэмжээ дорвитой хэрэгжихгүй бол цар тахлын эхний жилд Африкт “COVID-19”-ийн улмаас 190 мянган хүн нас барах магадлалтай" гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхааруулаад байна. Түүнчлэн "Хэрэв Европт шинэ төрлийн “коронавирус”-ийн давлагаа дахин гарвал хөл хориог дахин сэргээхэд бэлтгэлтэй байх"-ыг зөвлөсөн байна.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 3.9 сая (3,915,974), эндсэн 270 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин 1.3 сая гаруй хүн эдгэрчээ.