“Увертюра” хамтлаг онлайн тоглолт хийнэ

Соёл урлаг, Спорт

Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх зургаадугаар сарын 06-нд онлайн тоглолтоо хийх болсноо өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.

Тус хамтлаг “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элчээр ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан тул дээрх тоглолтоо зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн энэхүү төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрэлсэн байна.

“Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг гайхалтай уран бүтээлүүдээрээ дамжуулан "Монгол поп опера" хэмээх урсгалыг хөгжүүлж, өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүлсэн тус хамтлагийн онлайн тоглолт 2020 оны 06 дугаар сарын 06-ны 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр Монгол туургатан даяар цацагдах нь ээ.