Ч. Чулуунцэцэг.
“ Хөөрхөн борлог мориороороо хөндийг туулах сайхан сан
Хөгшин буурал ээжийгээ хүндлэн асрах сайхан сан” хэмээн хоолой нийлүүлэн дуулах буурлуудын аньсага чийгтэй. Зүрх сэтгэлийнхээ гүнд ижий нь цэл залуугаараа, эрх жаахан охидоо хөтлөн гол руу явж, Яруугийн болор тунгалаг усаар гэзгийг нь угааж өгсөн байж мэдэх юм. Тэд үргэлжлүүлээд
“Ороо морины ганган толгойд
Уургынхаа хуйвыг алдаж үзээгүй
Онцын хайртай миний аав аа аа аа
Олондоо нэртэй дуучин хүн байсан “ хэмээн цангинуулах нь тэр.
Том эгч Л.Барамсай гуайн гар баянхуур хөгжмийн товчийг өөд уруугүй товшингоо дүү Л.Нармандахыгаа түрж, заримдаа хоолой салгах нь гайхалтай. Ийм л хоёр бууралтай уулзаж, танилцсан юм.
84-тэй жолооч
Барамсай гуай энэ жил 84-тэй. Тэрбээр биднийг их хүлээж ядсан шинжтэй, байсхийгээд л “Яг одоо хаана явна” хэмээн утас цохиж, автобусны буудал өнгөрөөд л залгаарай. Өөдөөс чинь хүүгээ явуулж тосуулна гэж ирээд л үүрэгдэв. Ханын материалын эцэс хүртэл гурван цаг гаруй түгжирсэн юм чинь хийсэн хоол нь хөрчих гээд тэвдүүлсэн байж мэднэ. Тэрбээр хоол, цай болон хоёр өрөөнийхөө хооронд шогших зуураа “Хараа л жаахан муудсанаас бусдаар бол гэмгүй шүү. Өвгөнөө хажуудаа суулгаж аваад л зуслан руугаа гараад “шидчихнэ”. Насаараа жолоо мушгисан болохоор гарт орсон байдаг бололтой юм. Эмээ нь 56 жил жолоо мушгихдаа замын болоод дүрмийн нэг ч алдаа гаргаагүй. Замын цагдаад торгуулж үзээгүй гээд хэлчихвэл алдас болохгүй байгаа даа хэмээн тэрүүхэндээ өөрөөрөө бахархаад амжсан. СХД-ийн цагдаа нар эмээг нь анддаггүй, “Барамсай эмээ болгоомжтой яваарай, хурдаа хэтрүүлж болохгүй шүү “гэнэ. Ирэх зун өвгөний нутаг 100 жилтэй. Тийшээ явна. Хүний машинд суух түвэгтэй, би дургүй” гэж ирээд л хуучлах атлаа эрүүгээ охиныхоо зүгт хандуулаад нүд ирмэх нь зочноороо далимдуулан ерөнхий командлагчаасаа зөвшөөрөл хүссэн хэрэг юм болов уу даа. Барамсай гуай Завхан аймгийн Ургамал сумын уугуул. 1940 онд төрсөн, Лхамжавын дөрөв дэх охин нь. Эмээгийн хүүхэд нас дайны хүнд жилүүдэд өнгөрчээ. Багын адтай, дуулах дуртай тэрбээр радиогоор явах шинэ дуу бүхнийг нэг, хоёр дагаж дуулаад л сурчихна. Авъяасаа хөөж урлаг уран сайхнаар явах сонирхолтой хэдий ч хэрхэх учраа олохгүй. Сумын төвөөсөө гарч үзээгүй түүнд хэн туслах билээ. Гэвч аз таарч 1957 оны зун Налайхын нүүрсний уурхайд ажилчин элсүүлж байна гэх сураг гарч, гэрийнхэндээ хэлэхэд ижийнхээ “Миний охин нялх байна шүү дээ” хэмээх үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөн солионы хоёр дээлээ баадагнаж аваад л шуудангийн машины тэвшин дээр нутгийн залуучуудын дунд орж сууснаар хувь заяаныхаа цулбуурыг өөрөө атгасан аж. Эцгийн эхийн хайр халамжинд эрхэлж өссөн 17-той охинд Илгээлтийн эздийн амьдрал эхэндээ хөгжилтэй сайхан санагдаж байснаа хэдхэн сарын дараа гэрээ, аав,ээжээ, дүү нараа санахын зовлонг амсав. Барамсай охин тэссээр, өөрийн хийж чадах бүхнийг хийсээр нэг л мэдэхэд шилдэг залуучуудын эгнээнд орсон байлаа. Үнэнийг хэлэхэд, уурхайн хүнд хүчир ажил бүсгүй хүнд төдийлөн тохирохгүй тул өөр хөнгөн ажил олж хийх юмсан гэж бодно. Тэгтэл жолооны курст элсүүлж байна гэх сураг сонсогдов. Эрчүүд жолоо мушгиж болдог би яагаад чадахгүй гэж санан, бүртгэж байгаа газрыг нь сурагласаар очлоо.Тэр үед бүсгүй хүн машин жолоодох нь ховор тул замын цагдаагаас өгсүүлээд зам зуур өнгөрөх нэгэн ч зогсч ирээд л атаархсан, сонирхсон харцаар харахад залуу хүний бардам зангаар өөрөөрөө бахархах сэтгэл төрнө. Ингэж л мань хүн жолооч болж, төмөр хүлэгтэй хувь заяагаа холбосон түүхтэй. Залуухан, шинэхэн жолооч бүсгүйг сайхан амьдрал тосч Худалдааны удирдах газрын дарга н. Жигмэд хэмээх эрхмийн жолоочоор томилов. Энэ бол 1965 оны хавар. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл төмөр хүлгийн кабинаас буусангүй. Өөрийнх нь хошигнож хэлснээр сүүлийн хорин жил өвгөн хурандаагийн/ хань нь/ тэргийг барих үүрэг хүлээгээд байгаа гэнэ. Хань нь НАХЯ -ны ажилтан тул хаана томилогдоно тэнд нь жолоо мушгих хэрэг гарна. Улаан номертой Волга 24 машин унан салхи татуулан сүнгэнүүлж явсан өдрүүддээ тэр хайртай. Хотын түргэн тусламжийн машин жолоодон минут секунттэй өрсөн дохиогоо хангинуулан давхиж явсан он жилүүддээ ч хайртай. Барамсай гуайн намтар баян бас сонирхолтой. Хотын намын хороо, Ардын боловсролын яам Сайд нарын хоёрдугаар эмнэлэг, хорих анги, зам анги гээд салбар бүрт ажиллажээ.
Амьдрал үүрсэн он жилүүд
Таны амьдрал сонирхолтой юм аа” хэмээхэд “Эгчид нь гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан он жилүүд бий шүү” хэмээлээ. Хань нь цэргийн хүн тул байсхийгээд л томилолт өвөртөлнө. ЗХУ-д хоёр ч удаа сурахаар одож. Арав гаруй жил журамт гэргийн амьдралаар амьдарч охин, хүү хоёроо өсгөж хүмүүжүүлэв. Даргын жолоочид өөрийн дураар амрах эрх үгүй. Дарга өглөө хэдэн цагт бэлэн бай гэнэ түүгээр нь, орой хэдэд бууна тэр л цагт гэрийн бараа харна. Сахилга бат алдаж болохгүй. Завсар зайгаар нь машин тэргээ угаана, засвар үйлчилгээ хийнэ. Залуучуудын бригадын даргын хувьд шинэхэн жолооч нартаа хичээл зааж, дагалдуулан сургах учиртай. Барамсай гуайн залуу халуун нас , улс, нийгэмдээ сэтгэл оюунаа зориулсан 35 жил ингэж л буцалж өнгөрчээ. Тэр хэзээ ч дуу, хөгжмөө орхиогүй. Жолоо мушгихын хажуугаар хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэн дуу, хөгжимтэй нөхөрлөнө. Эмнэлгийн даргын жолооч байхдаа сайн дурын уран сайханчийн хувьд баяр ёслолын өдрүүдэд эмнэлгийн ажилтан хийгээд өвчтөнүүдэд бяцхан тоглолт хийж өгнө. Баянхуур хөгжмөө тоглон, өөрийнхөө хэмжээнд дуулж хуурдана. Харин хоёр хүүхэд нь 24 цагийн цэцэрлэгт хүмүүжин хагас сайнд хагас, бүтэнд сайнд бүтэн ижийдээ эрхэлнэ. Энэ бүхний үнэлгээ нь осолгүй манлай жолооч, энгэрт нь гялалзах Алтан гадас одон, хоёр өрөө орон сууц.
Хурандаагийн гэргий, гэрийн жанжин
Эдүгээ гавъяаныхаа амралтыг эдлэн үр ач зээгээ тойруулан жаргаж суугаа хоёр хөгшин жаргалтай нь аргагүй аяга цайгаа хувааж уух аж. Хурандаагийн гэргий хурандаа л байж таарна шүү дээ хэмээхэд “би ч гэр дотроо, өвгөн хүү хоёроо захирч удирддаг юм. Тэгэхээр хурандаагаас дээш цолтой гэсэн үг. Жанжин ч юм уу” гэж ирээд л цогтой гээч инээсэн.
Дуучин, хөгжимчин Барамсай гуайн хань нь хурандаа Чүлтэмпунцагийн Хэнчяахав гуай Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул. Мөн л уурхайд ажилчин элсүүлэх сургаар Налайхыг зорьсон малчин хүү. Харин түүний цэргийн жагсаалд хөл тавьсан түүх хугацаат цэргийн албанд татагдсан тэр өдрөөс эхтэй. Тодруулбал, жагсаалд өнгө нэмэн гялалзах биеэрхүү өндөр бор байлдагчийг ангийн удирдлагууд олж харсан нь нүдээ олсон, хүнээ танисан хэрэг байлаа. Барамсай гуай ханиа цэргийн дарга, хурандаа болсон хойно нь гэрлээгүй. Налайхын хонхорт хэн хэн нь хүний нутагт хүн танихгүй, газар мэдэхгүй тэвдэж явах үедээ танилцсан хосууд. Тэд 1965 онд ханилж, тоонотоо дугуйлсан гэхээр 60 жил тостой тогоонд хошуу холбож, жаргал зовлонгоо хуваалцаж яваа хоёр. Ханиа ажил албан тушаал дээрээ өсч дэвжин хөгжих бүрт найдвартай ар тал нь байж чадсан гэргий, хүний сайн хань, хүү охин хоёрынх нь хайртай ижий нь. Тэдний том хүү Х.Нандин нь 1960 онд, охин Х.Уранчимэг нь 1970 онд төрсөн. Сайн эцэг, сайхан ээжийн үрс өнөөдөр өөр өөрийнхөөрөө хорвоог туулж, хорвоогийн жамаар эмээ, өвөө болцгоожээ. Магадгүй хорвоогийн хамгийн жаргалтай хүн гэвэл энэ хоёр байж мэднэ. Өтөл болтлоо ижий аавдаа эрхэлж, духаа үнэрлүүлж амьдарна гэдэг хэн хүнд тэр бүр олддоггүй тавилан билээ. Гэрийн жанжин “Хүү мань тогооч, охин маань үсчний мэргэжил эзэмшсэн. Тус тусынхаа амьдралаар сайхан л амьдарцгааж байна. Би зурагтаар хөгжим тоглож байгаа хүмүүсийг хараад анх хөгжим тоглож сурья гэдэг санаа төрж байлаа. Азаар манайд хэмхэрхий гармон хөгжим байсан,түүнийг өдөр шөнөгүй оролдож нухсаар бие дааж сурсан. Хөгжим тоглож сурсандаа урамшин хөгжмөө үүрээд л мотоцикл унан хотод ойрхон сум, бригадуудаар үнэгүй тоглож өгнө. Мөн тэр үед улсын хэмжээнд автозамын ажил ид өрнөж байв. Зам ангийнхан сүүлдээ намайг хүлээдэг, урьдаг болсон. Очихоор сүйд болно, дуулж хуурдахаар их баярладагсан” хэмээн залуу насаа дурссан.
Ч.Хэнчяахав: Ханиараа дуртай дуугаа дуулуулж, жолоогоо мушгиулж амьдарна гэдэг амны хишиг шүү
/хань/
Миний хувьд 1960 онд хилийн цэргийн 05 дугаар ангид алба хааж, тэндээсээ цэргийн сургуульд явсан нэгэн. Ажил амьдралынхаа гарааг тухайн үеийн НАХЯ эдүгээ олны мэдэх ШШБЕГ -аас эхэлсэн. Би арван жил гадаадад сурсан. Тэр хугацаанд хань минь намайг үнэнчээр хүлээж, хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн буянтай ижий. Том хүү их өвдөнө. Түүнийг хүн болгох арга үйлээ барсан хүн бол хань минь. Миний эхнэр их цовоо, урлаг уран сайхан дуртай, Баянхуур хөгжмийг мэргэжлийн хөгжимчнөөс дутахгүй тоглоно. Мотоциклоо унаад л хөгжмөө дүүрээд л хаа сайгүй явж тоглолт хийдэгсэн. Намайг дагаад цэргийн ангид хэсэг ажилласан. Цэргийн албан хаагч хүн бол даргын тушаалыг ёсчилон биелүүлэх учиртай. Хэрэвзээ надаас өөдтэй хүнтэй ханилсан бол их хол явах байсан гэж би хувьдаа боддог юм. Одоо ч тэнхлүүн, сайхнаараа буй. Өдий насны хүн машин бариад замын хөдөлгөөнд оролцоно гэдэг амаргүй шүү. Хөгшин бид хоёр хүн царайчлахгүй зуслан, дэлгүүр гээд явах гэсэн газартаа өөрийн дураар явж байна. Эхнэр маань тэргээ бариад л. Заримдаа залуучуудтай мөр зэрэгцэж давхих гэхээр нь, хонхор дайрахаар нь загнаж орхино аа. Би угаасаа тэрэг барих хувьгүй төрсөн юм шиг байгаа юм. Уг нь хүүхэд байхдаа жолооч болж, том тэрэг жолоодно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ надад трактор комбайны жолоочийн үнэмлэх бий. Нэг ч өдөр тариан талбайд ажиллаж үзээгүй болохоос биш. Өөрөө жолооч болж чадаагүй ч жолооч ханьтай болсон азтай эр. Бас дуу аялах авъяасгүй ч дэргэд минь дуу аялж өгөх хүн байна. Үүнийг л амны хишиг гэнэ биз дээ.
Л.Нармандах: Миний эгч их дэгжин бүсгүй байсан
/дүү/
Би 1950 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байгаад эгчийгээ бараадаж хотын хүн болсон. Манайхан их ажилч хичээнгүй. Наймдугаар анги төгсөөд илгээлт өвөртлөн мал дээр гарсан. Хүүхэд байсан болоод тэр байх малаа сайн маллаад хөдөлмөрийн баатар болно доо гэж мөрөөддөг байлаа. Эгч маань 1967 онд нутагтаа ирж амраад буцахдаа намайг авч явсан юм. Тэр үед эднийх Дорноговийн Айраг суманд амьдарч байв.Залуу халуун насаа УБТЗ хэмээх айлд өнгөрүүлсэн байна. Сайхан ах, эгч хоёрынхоо дэм тусаар хүний зэрэгтэй явж байна гэж боддог. Миний эгч залуудаа их дэгжин бүсгүй байсан. Өдгөө ч гоёж гооддог хэвээрээ. Их нямбай. Хань ижил, үр хүүхэддээ өөрийгөө зориулсан ижий. Түмэнд нүүртэй нэгэн гэж би хувьдаа үнэлдэг. Эгчээсээ биеэ хэрхэн зөв сайхан авч явах, дууг хэрхэн дуулах гээд сурч мэдсэн зүйл их бий. Ижийн минь орон ижий болсон сайхан эгчдээ үргэлж талархаж, хүндэлж явдаг юм.
Х.Нандин: Ээжээрээ машин бариулж, эрхэлсэн шигээ явна гэдэг ..,
/том хүү/
Ээж, аав хоёртойгоо жаран нас хүрнэ гэдэг тавилан юм даа, залуучуудын хэлдгээр. Азтай хүн гэж өөрийгөө боддог. Би найз нартаа “Амьд сэрүүнд нь эрхэлж авья” гэдэг юм. Энэ насанд хоёр хөгшиндөө загнуулаад явж байх шиг жаргал хаана байх вэ дээ. Хамгийн сайхан жаргал чинь энэ юм шүү дээ. Манайх төмөр замд байхад манай ээж Хотын намын хорооны даргын улаан номертой хар 24 унадаг байлаа. Ээжийн машин булан тойроод ирэхэд бөмбөг тоглож байсан хүүхдүүд тарж холддогсон. Учир нь даргын машины цонхыг бөмбөгөөр цохиод хагалчихаж мэднэ гээд шүү дээ. Ахлах ангид орох хүртэл жил бүрийн хичээлийн шинэ жил, есдүгээр сарын 1-нд ээж минь сургуульд хүргэж өгнө. Их маадгар “амьтан” машинаас бууна шүү дээ. Аав маань залуудаа их том биетэй, тэвхийсэн хүн байлаа. Ер хүрч байгаа гэхэд тэнхлүүн сайхнаараа байгаа биз дээ. Аав одоо багцаагаар 90 орчим кг байгаа байх шүү. Хүмүүс “Танай аав барилддаг уу” гэж асууна. Хэрвээ барилдсан бол дор хаяж аймгийн арслан цолтой болох байсан биз. Ухаан орсон цагаас аав хар дипломат цүнх барьсан цэргийн дарга, ээж маань их ганган дандаа л үнэртэй ус ханхлуулсан дэгжин эмэгтэй байв. Өнгөрсөн зун манайх хэдэн гэрээрээ Дундговь явлаа. Би жолоо барьж, хөгшчүүд ядрах байх гээд 80 км цаг хурдтай явтал ээж “Чи явсхийгээд өгөөч” гээд загнах шинжтэй. Тэгэхээр нь “Та өөрөө” жолоод гээд жолоогоо шилжүүлтэл 100 хүргээд гишгэж өгсөн. Миний ээж ийм л хүн. Ээжээрээ машин бариулчихаад ард нь эрхэлж явна гэдэг бидний хувьд юугаар ч сольшгүй жаргал юм даа.
Х.Уранчимэг: Ээжийнхээ машинд гэр бүлийн концерт тоглодог байлаа
/бага охин/
Ээж, аав хоёр маань эрүүл саруул байгаа нь хамгийн том баяр юм. Манай ээж их шударга хүн. Санаанд нь нийцэхгүй бол шууд хэлдэг. Шударга зан, нямбай, чамбайг нь дуурайсан. Миний хүүхэд нас ээж, ах хоёртоо эрхэлж өссөн. Аав гадаадад сурч байсан учраас тэр л дээ. Ээж хоёрдугаар эмнэлэгт даргын жолооч дараа нь Хотын түргэн тусламжийн газарт жолоочоор ажилласан. Ээж зав муутай учир ах минь намайг хөтлөөд л автобусанд суун цэцэрлэгтээ явна. Тэр үеийн 24 цагийн цэцэрлэг Амгаланд байсан. Хагас сайн өдөр цэцэрлэгээ тараад ах бид хоёр ээжийн ажил дээр очино. Ээж голдуу эзгүй таарах тул эмнэлгийн коридорт эсвэл гадна талбайд хүмүүст дуулж, бүжиглэж өгдөг байв. Томчууд өхөөрдөж, ундаа чихэр өгнө. Хүүхэд нас үнэхээр гоё.Оюутан болсон хойноо ээжийнхээ оролцсон концертыг үзээд маш их бахархаж билээ. Баянхуур хөгжмөөр маш чадварлаг тоглосон.Бие даасан номер үзүүлсэн санагдаж байна. Хурууных нь хөдөлгөөн гайхалтай юм гээд л үзэгчид магтаад л алга нижигнүүлэн ташсан юмдаг. Ээжийн машинд ах бид хоёр суугаад гурвуулаа “Эрх жаргалант амьдралын төлөө Эх хүн үрээ бойжуулдаг аа” гээд дуулдаг байсан минь санаанаас ер гардаггүй юм. Ээжийн машинд бяцхан гэр бүлийн концерт болдог байлаа.
Бат-Итгэл: Манай ээжийн талынхан их авьяастай
/Л. Нармандахын хүү/
Миний нагац, Барамсай эгчийн маань ажил, амьдрал, амжилтынх нь талаар ярилцаж байгаад маш их баярлалаа. Ухаан орсон цагаас л эгч, дүү хоёрын хүмүүжлээр өсөж, өдий зэрэгт хүрсэн. Манай ээжийн талынхан их авьяастай. Хөгжимдөнө, дуулна. Миний гитар тоглож, дуулж байгаа минь ч ээжээс өвлөсөн авъяас. Нөгөөтэйгүүр энэ хоёр маань бие биедээ их хайртай. Эгч дүүсийн хүүхдүүд бид ч их ойр дотно өссөн. Ухаантай хүмүүс гэдэг ухаантай л байдаг юм билээ. Хамгийн хайртай хоёр эрхэм хүмүүстээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Төгсгөл:
Гурван сайхан хөгшинтэй хуучилж, тэдний залуу насаар аялсан гайхалтай үдэш байлаа. Хүүхдүүд минь энэ хавиар явбал орж ирээрэй гэсээр үдсэн. Зуны дэлгэр цагт Туул голын хөвөөнд хамтдаа дуулж хөгжилдөнө өө. Хажуу айл хана тогших вий гэх түгшүүр байхгүйгээр. Дуугаа дуулсаар урт наслаарай,буурлууд минь.
2 Сэтгэгдэл
estrela bet aviator https://aviatorjogar.online/ - aviator bet
aviator game https://aviatormalawi.online - play aviator