Өмнөд Солонгост өнөөдрөөс /2020.11.13/ олон нийтийн газарт амны хаалт зүүгээгүй хүнийг торогох журам хэрэгжиж эхэлжээ. Энэхүү журмыг зөрчвөл 100 мянган воны торгууль төлөх юм байна. Амны хаалтыг зүүхдээ стандартын бус амны хаалт зүүсэн, хамраа ил гаргасан, эрүүн доороо зүүсэн тохиолдолд мөн л торгууль хүлээх аж. Зөвхөн хоол унд идэх, нүүрээ угаах, усанд сэлэх зэрэг онцгой тохиолдлуудад амны хаалтаа авахыг зөвшөөрөх юм байна.
Одоо тус улсад нэгдүгээр түвшний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд нийтийн тээвэр, эмнэлэг, эмийн сан, асрамжийн газар, шашны төв, спортын танхимууд, 500-аас дээш хүн оролцсон хурал цуглаан, арга хэмжээнүүдэд оролцохдоо заавал амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлсэн байна. Түүнчлэн шөнийн цэнгээний газар, караоке, кафе, ресторан, сургалтын төвүүд, концертын танхим, театр, их дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ ч мөн адил амны хаалтыг заавал зүүхийг журамд тусгажээ.
Харин 14-өөс доош насныхан, эрүүл мэндийн шалтгаанаар амны хаалт зүүх боломжгүй хүмүүст дээрх журам үйлчлэхгүй гэнэ. Тус улсад өнөөдрийн байдлаар 27,942 хүн covid-19 халдвараар өвчлөөд байгаа бол нэг өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо сүүлийн таван өдөр дараалан 100-аас дээш гараад байгаа юм.
0 Сэтгэгдэл