Зарим газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм. Тодруулбал, Онон балжирын цогцолбор газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг, Давэлийн аралын байгалийн нөөц газарт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалын цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар заажээ. Мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. Түүнчлэн, Баянхонгор аймгийн Галуут сумын Хан уулыг Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт, тус сумын Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах юм байна. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын Хөх нуур-Бумбат орчмын газрыг, Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг өргөтгөлөөр хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Засгийн газар 3.4 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Монгол Улсад өнөө цагт хариуцлагагүй уул уурхай нүүрлээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах уу. Цаашдаа яаж хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох вэ?

БОАЖЯ-ны хэлтсийн дарга Н.Энхбат:

-Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд хал багатай явуулахын тулд УИХ-аас өнгөрсөн жил Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д нэмэлт өөрчлөлт  оруулсан. Энэ нь тусгай зөвшөөрлийг цуцлах заалт. Байгаль орчны талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй бол яамнаас дүгнэлт гаргаад лиценз цуцлах заалтыг Ашигт малтмалын газарт хүргүүлнэ.

Байгаль орчинд хохирол учруулсан, нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй зэрэг гурван үндэслэлээр 27 аж ахуйн нэгжийн 35 лицензийг цуцлуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд Архангай аймгийн Цэнхэр суманд 7 аж ахуйн нэгжийн 11 лицензийг цуцалсан. Хоёр сар арга хэмжээ авч ажилласан. Нийт эвдэрсэн газрын 30 хувьд техникийн, 10 хувьд биологийн нөхөн сэргээлт хийгдэнэ.

Лиценз цуцалсан аж ахуйн нэгжийн хэрэг шүүхэд явж байна. Захиргааны хэргийн шүүх дээр 15 маргаан явж байна. Гэхдээ компанийн талд шийдвэр гарч байгаа хүндрэл бий. Өнгөрсөн жил Архангай аймагт анхаарал хандуулж ажилласан бол энэ жил Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниудад анхаарал хандуулж ажиллана. Энэ оны эхээр Сэлэнгэ аймагт Уул уурхайн яам, Тагнуул, Мэргэжлийн хяналтын байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад аймгийн удирдлагуудтай уулзаад ерөнхий төлөвлөгөө гаргасан, үргэлжлүүлээд  ажиллана.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Тусгай хамгаалалтад авах гэж буй Хэнтий аймгийн нутаг энэ газарт Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн анх лоббидож тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм. Энэ бол Батширээт, Биндэр, Дадал, Баян-Адарга, Норовлин сумын дамжин урсдаг голын эхэнд байгаа уул уурхайн компанийн эзэмшиж байгаа газар юм.   

400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд НҮБ-ийн Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга манай ирж бид уулзсан. Тэр хүн “Монголыг өнөөдрөөр бодож болохгүй. Монголын эзэнт гүрний түүхийг үзэхийн төлөө дэлхийн тохоохон аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ханарах соронзон орон үүсэж магадгүй байгаа. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй” гэж хэлж байсан. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна. Түүхэн газар нутагт уул уурхай эрхэлж байгаа компаниуд буруугүй. Албан тушаалтнууд буруутай. Тэр хүмүүстэй хариуцлага ярих ёстой. 

Ийнхүү санал хураалт явуулснаар дээр дурдсан газруудыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ.