Карабахын асуудлыг шийдэх цор ганц аргыг нэрлэлээ

Дэлхийн мэдээ

Уулын Карабахын сөргөлдөөнийг шийдэх цор ганц арга бол энхийн  хэлэлцээр гэж Армяны Гадаад хэргийн яам үзэж байгаагаа албан ёсны сайтдаа мэдээлсэн байна. 

Азербайжаны Гадаад хэргийн яам энэ сарын 21-нд мэдэгдэхдээ армяны тал Уулын Карабахын асуудлыг энхийн замаар шийдэрлэхээс зайлсхийж байна хэмээн Баку, Туркийн байр суурийг илэрхийлсэн хариуцлагагүй мэдэгдэл гаргасан. “Уулын Карабахын сөргөлдөөнийг олон улсын эрх  бүхий Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн хэлэлцээрийн хүрээнд энхийн замаар шийдвэрлэж болох юм гэдгээ бид удаа дараа мэдэгдсээр ирсэн, одоо ч энэ байр сууриндаа байна” гэж Армяны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. 

Армяны  зэвсэгт хүчний  “Карабах дахь фронтын шугам дагуух суурин газрууд руу буудаж байгаа” ажиллагааны эсрэг “сөрөг давшилтын ажиллагаа эхлүүлнэ гэж Азербайжаны Батлан хамгаалах яам есдүгээр сарын 27-нд мэдэгдсэн юм. 

Өөрийгөө Уулын Карабахын бүгд найрамдах улс гэж тунхаглаад байгаа Карабах ч суурин газрууд болон нийслэл Стенпанакертийг их буугаар буудсаар байна гэж мэдээлж байна. 

Талууд буулт хийхийг хүсэхгүй байна

Карабахад болон Армянд дайны байдал тогтоон, бүх нийтийн дайчилгаа зарлаад байгаа бол Азербайжанд хэсэгчилсэн дайчилгаа явуулж хэд хэдэн хотод дайны байдал зарлажээ. 

Армяны Ерөнхий сайд Никол Пашинян  ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ эх орон нэгтнүүдээ  гартаа зэвсэг барин босч эх орноо хамгаалахыг уриалсан байна. “Бидний гол зорилго бол эцсээ хүртэл ард түмнээ хамгаалан тэмцэх. Өнөөдөр Азербайжаны баримталж байгаа байр сууриас харахад бид манай ард түмний эрхийг хамгаалахын төлөө  бүгд гартаа зэвсэг барин эх орноо хамгаалахын төлөө босох ёстой” гэснийг “Sputnik Армения” хэвлэл иш татжээ. 

Харин Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ард түмэндээ хандаж “Хэлэлцээр 30 жилийн турш үргэлжилсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй. Армянчууд эзэлсэн газар нутаг дээрээ бэхжиж, харин ч эндээс эргэж гарахыг хүсэхгүй байна. Тэд зүгээр л биднийг, олон улсын зуучлагчдыг хууран мэхэлж, цаг нөхцөөн эзэлсэн газар нутагтаа хууль бус суурин байгуулж байна” гэж мэдэгдсэн байна.

Хөндлөнгийн оролцоо

Армяны Ерөнхийлөгч Армен Саркисян НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзах үеэрээ “Туркийн эрх баригчид Уулын Карбахад болж байгаа байлдааны ажиллагаанд хөндлөнгөөс оролцохоо зогсоох хэрэгтэй” гэж мэдэгсэнийг РИА Новости агентлаг дамжуулсан байна. 

Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай ч бас Азербайжаны хүсэлтээр Уулын Карабах руу цэргээ илгээхийг үгүйсгээгүй байна. РИА Новости агентлагийн мэдээлснээр бол Октай “Үйл явдал эхэлсэн эхний өдрөөс л манай ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Турк улс эргэлзэхгүй байна, манай ерөнхийлөгч ч...” гэжээ. 

Нөгөө талд нь ОХУ-ын Төрийн Думын Евразийн интеграци, Тусгаар улсуудын асуудал хариуцсан хорооны орлогч дарга Константин Затулин Уулын Карабахын бүгд найрамдах улсад болж байгаа сөргөлдөөнд Москва оролцох ёстой гээд Орос тэнд десантын ажиллагаа явуулж болох юм гэжээ. Түүнийхээр бол Азербайжан, Турк улсууд бүс нутгийн сөргөлдөөнийг улам хурцатгаж байгаа болохоор хуучин зөвлөлтийн орон зайд ямар улс тэргүүлж байгааг сануулах хэрэгтэй гэсэн байна. 

Байлдааны хохирол

Хэдэн долоо хоног үргэлжилж байгаа Армян, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүний талаар хоёр тал урьдынхаараа тодорхой  мэдээлэхгүй байна. Нэг тал нь эсрэг талынхаа өчнөөн цэргийг устгалаа гэдэг ч нөгөө тал нь түүнийг няцаасаар байна.

Уулын Карабахын Батлан хамгаалах яамны мэдээлснээр бол аравдугаар сарын 18-ны байдлаар 627 цэрэг амь үрэгдээд байгаа гэнэ. Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 17-ны хүртэлх хугацаанд энгийн номхон 36 хүн амь үрэгдэж, 115 хүн шархадсан гэжээ. 

Азербайжаны эрх баригчид байлдааны хохирлынхоо талаар мэдээлээгүй ч Уулын Карабахад байлдааны ажиллагаа эхэлснээс хойш энгийн номхон 61 хүн амь үрэгдэж, 282 хүн шархадсан гэж Азербайжаны Ерөнхий прокурорын газар аравдугаар сарын 19-нд мэдээлсэн байдаг. Цэргийн хохирлынхоо талаар мэдээлээгүй байна. 

Х.ӨЛЗИЙ