Абызовын 32.5 тэрбум рублийг шүүх улсын орлого болголоо

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Нээлттэй засгийн газрын сайд асан Михаил Абызовын 32.5 тэрбум рублийн хөрөнгийг хураан улсын орлого болгохоор Москва хотын Гагарины шүүх шийдвэрлэлээ гэж РИА Новости агентлаг мэдээллээ. Мэдээллийн агентлагийн мэдээлснээр бол энэ бүх мөнгийг Абызов сайдын алба хашиж байх үедээ хууль бусаар олсон гэж прокурорын газар үзсэн юм байна. Үүний зэрэгцээ түүнийг  төрийн өндөр албан тушаалтны хувьд авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчин оффшор компани эзэмшиж байсан гэж буруутгаж. Өөр бас гэмт хэргийн замаар олсон мөнгөө угаасан, залилан, гэмт хэргийн бүлэглэл байгуулсан гэсэн зүйл анги ч байгаа юм байна.  “Шийдвэр: Нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв” гэж шүүхийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Михаил Абызовын хэд хэдэн компаниас нийтдээ 32 тэрбум, 540 сая 718 мянга 646 рубль 44 копейкийн хурааж улсын орлого болгох юм байна.

Хууль бусаар олсон ийм хөрөнгийг улсын орлого болгож байгаа нь оросын шүүхийн түүхэнд анхны дээд амжилт гэнэ.

Михаил Абызов болон түүний хамтрагч 11 хүнийг мөрдөн шалгах ажиллагаа өнгөрөгч наймдугаар сарын 13-нд дууссан юм. Энэ хэргийг анх 2011-2014 онуудад эрчим  хүчний салбараас хулгайлсан мөнгөө гадаадад гаргасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм байна.

Михаил Абызов гэм буруугаа хүлээх зөвшөөрөхгүй байгаа ч одоо тэрээр цагдан хоригдож байгаа юм.