Пакистанд ховор төрлийн шонхор шувууны хууль бус наймааг илрүүлжээ

Дэлхийн мэдээ

Пакистаны эрх баригчид ховордож буй шонхор шувуудыг хууль бусаар хил давуулан гаргах гэж байсныг илрүүлэн, зогсоожээ. Хилээр гаргах гэж байсан шонхруудын үнэ хар зах дээр ойролцоогоор 200 сая рупи буюу 1.2 сая ам.доллартай дүйцэх гэнэ. Энэ хэрэгт хоёр этгээдийг сэжигтнээр татан мөрдөн байцаах ажлыг эхлүүлсэн бөгөөд эх сурвалжууд хилээр нэвтрүүлэх гэж байсан шувуудын тоог 74, 75 зэргээр ялгаатай мэдээлж байгаа юм. Шонхор шувуунаас гадна умард Африкийн хулгайн анчдын агнасан цөлийн шувуудын нэг болох хобура тоодог гэх шувууг ч хилээр нэвтрүүлэхийг завджээ. Хобура тоодгийн махыг Ойрхи Дорнодод бэлгийн чадавх сайжруулдаг хэмээн өндрөөр үнэлдэг аж. Шувуу сонирхогч Мухаммед Сакифийн хэлснээр хилээр гаргах гэж байсан шувууд бүгд ховордож буй гэх ангилалд орсон бөгөөд Афганистанаас ирж, бусад Арабын орнууд руу зарагддаг аж. Анч шувуудаар ан хийх нь Ойрхи Дорнодын хэд хэдэн оронд түгээмэл спорт билээ. Эрх баригчид энэ төрлийн гэмт хэргийн тоо сүүлийн үед мэдэгдэхүйц өссөнийг онцлоод шувуудыг буцаан Афганистанд хүргэж, зэрлэг байгальд нь тавихаа амласан байна.