2500 жилийн настай 59 булш олж илрүүлжээ

Дэлхийн мэдээ

Египет улсын археологичид өнгөрсөн сард Саккарагийн элсэн цөлийн эртний оршуулгын газраас олдсон 2500 жилийн настай 59 булшийг нээжээ. Анхандаа тус газарт 11 метрийн малтлага хийхэд арав гаруй булш, гүнзгий ухах тусам олон тооны булш олдсон аж.

Египет улсын аялал жуулчлал, эртний соёлын сайд Халед Эль-Анани энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эртний соёлын яамны ажилчид маань модоор хийгдсэн, маш сайн битүүмжлэгдсэн, ямар нэгэн байдлаар сүйдээгүй булшууд олж илрүүлсэн.

"Covid-19" цар тахал бидний агуу соёл иргэншлийнхээ талаар гүн гүнзгий судлах ажлыг зогсоож чадахгүй. Өнөөдөр Египет улсын нутаг дэвсгэрээс олдоод буй бүхий л эртний соёл иргэншлийн түүхэн дурсгалт эд зүйлсийг Египетийн археологичид олж нээн илрүүлсэн гэж би бардам хэлж чадна. Энэ бол бидний бахархах зүйл” хэмээжээ. Мөн тэрбээр эдгээр эртний Египетийн үеийн Мемфис хотын тахилч болон өндөр дээд хэргэм цолтой хүмүүсийн булш байсан тухай дурьдав.

Хоёр булшны таг дээр тухайн хүний гэр бүлийн мэдээлэл болон нэрс бичээстэй байжээ.

Эдгээр булшуудыг удахгүй Гизагийн пирамидын ойролцоо байрлах Египетийн төв музей рүү шилжүүлж, ирэх 2021 оноос эхлэн олон нийтийн хүртээл болгох аж.