30 сот газраасаа зургаан саяыг өлхөн олох ногоочин Ж.Гантулгынх

Нийгэм, Эдийн засаг

-Ямар ногоо  худалдаж авах  вэ.  

-Завханы улаан сармис байна

-Буриад сортын амархан болдог төмс байна

-“Төмөртолгойт” сортын байцаа байна

- Аагтай сонгино байна. Хувь айлын хашаанд ургасан ногоо шүү. Ямар нэг   химийн гаралтай бордоо ашиглаагүй, цэвэр эко хүнс шүү.  Та нар манай эндхийн хүмүүс биш бололтой.  Их хэмжээгээр авбал хот руу хүргэж өгч болно.  Манай сармис үнэ ч боломжийн эрэлттэй” хэмээн  нүүрэндээ мишээл тодруулан уриалгахан нь аргагүй тайлбарлах  бүсгүй бол  Хэнтий аймгийн  Мөрөн сумын хүн эмнэлгийн сувилагч Л. Энхцэцэг.  Түүнийг “ Хүмүүс, аж амьдрал” буландаа урьлаа.

Аз жаргалыг хүлээх биш бүтээх ёстой

 

Мөрөн  гэж их том нэртэй жижигхэн хөөрхөн сум Хэнтий аймгийн Өндөрхаан хоттой хаяа дэрлэн орших аж.  Сумынхан зах зээлд ойр болоод тэр байх  дор бүрнээ  ногоо тарих, талх барих, цагаан идээ боловсруулах, модон эдлэл хийх зэргээр  бизнес эрхлэхийг хичээдэг бололтой.  Ногоочин Ж.Гантулгынх гэхэд  сүүлийн найман жил  Өндөрхаан хотын иргэдийг  төмс, хүнсний ногоогоор хангаж иржээ.  Гэхдээ бүрэн гэж  ойлгож  болохгүй шүү  хэмээн гэрийн эзэгтэй Л.Энхцэцэг  нэмэлт тайлбарыг хийсэн. Гэрийн эзэгтэй  Л.Энхцэцэг сумынхаа хүн  эм­нэлэгт насаараа сувилагчаар ажил­ласан, нутгийн уугуул.  Харин өрхийн тэргүүн Ж.Гантулга Баян-Адаргынх. Эднийх хүү, охин хоёртой. Том охин Г.Лхамсүрэн нь сумынхаа арван жилийн сургуульд багш, бага хүү  нь арван жилийн сургуулийн сурагч.  Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Гантулга  зүгээр суудаггүй нэгэн  болох нь хашааны хаалгаар оруут анзаарагдах аж. Барьсан байшингийнх нь хэв маяг,  булан тохойд  хураасан банз, түлээний мод энэ тэр нь  эмх цэгцтэй гэж янзын. Хосууд энэ л сумандаа гал голомтоо бадраагаад гуч шахам жил болжээ. Мөрөн сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ороод удаагүй байсан залуу эр  сувилагчийн сургууль дөнгөж төгсч ирсэн Л.Энхцэцэг хэмээх дүрлэгэр алаг нүдтэй зэгзгэр шар охинд хайртай болж улмаар гэрлэсэн түүхтэй. Санаа сайтын заяа сайн гэдгээр хүнд тусархуу, өдөр шөнийн алинд нь ч тэр гуайн тариаг таслалгүй хийгээд өгчих юмсан гээд харайлгах явах сувилагч бүсгүй, байгаагаа түмэнтэй хувааж явдаг Гантулга хоёрын амьдрал  жилээс жилд өнгө нэмэн цэцэглэж буй.  Тэд тэгш сайхан амьдралынхаа талаар “Аз жаргалыг хүлээх биш бүтээдэг л байхгүй юу” хэмээн тэрүүхэндээ бахархангуй өгүүлсэн. Үнэхээр тийм ажээ.

Газар багаддаггүй

 

Гэрийн эзэн Ж.Гантулгын хэлсэн үг ердөө энэ. Барагтай л бол дуугараад байдаггүй тэрбээр эрхэлж  буй ажилдаа сэтгэл хангалуун явдаг нь харваас илт.   Сумынхаа цэцэрлэгт жижүүр ажилтай  өрхийн тэргүүнд  зурагтын удирдлага барьсан шигээ буйдан дээр тэрийж хэвтэх зав үнэхээр байхгүй. Ажилтай өдрөө ч тэр, амарч байх үедээ ч ялгаагүй. Заавал нэг  зүйлтэй ноцолдож сууна. Жаахан амсхийх үе нь өвлийн идэр есийн жавар тачигнасан хэдэн өдрүүдэд л гэсэн шүү.  Цэцэрлэгт нь хүүхнүүд голдуу ажилладаг болохоор эр хүний оролцоогүй ажил гэж бараг үгүй. Цэцэрлэгийн хаалга, цонхны нугас эвдрэх,  гал тогооны цахилгаан хэрэгслүүд шатах, цахилгаан дулаан доголдох, хүүхдүүд ширээ, сандлынхаа хөлийг ганхуулах гээд түмэн шидийн ажилд түүнийг л дуудах нь бий. Цэцэрлэгийн багачууд Ганхуягийг “жижүүр багш аа” л гэнэ. Хүүхдэд хайртай жижүүр багш ажил тарсны  дараа эцэг, эх нь ирж амжаагүй багачуудыг харж үлдэх үүргийг хүлээнэ.   Тэд өдөр сурсан дуу, шүлгээ жижүүр багшид уншиж өгөхөд үгээ буруу зөрүү цээжилсэн байвал  засна, залруулна. Олон жил  цэцэрлэгт ажилласан тул барагтай дуу, шүлгийн үгийг гаргаахгүй шүү хэмээн тэрүүхэндээ мушийсан. Харин тэр хаврын тэргүүний сарын шинийн 15-наас хойш ногоочин болж хувирна. Нарийн ногооныхоо үрсэлгээг хийж, усалж тордох, нар дагуулж ноцолдсоор байгаад сөөм  илүү ургаад ирэхээр ширхэг ширхгээр нь салгах, шилжүүлж тарих гээд гурван сартай хүүхэдтэйгээ ноцолдож буй ээж шиг л бөөцийлж гарна. Дөнгөж соёолж буй үрийг харахад өөрийн эрхгүй хайр хүрдэг гэж суусан.  Ногоочин эр тавдугаар  сарын сүүлээс  наймдугаар сарын 10 хүртэл унтах гэдгийг  мартах дөхдөг гэнэ. Чухам энэ үед л арчилгаа, тордлогоог сайн хийх, зөв цагт нь зөв услах, зэрлэгийг нь цаг алдалгүй зулгаах  аваас  намар бусад ногоочдоос түрүүлж  нарийн ногоогоо зах зээлд гаргах боломж бүрддэг байна.  Тэднийх ердөө 30 сот газартай. Хашаандаа гээд ойлгочиход гэмгүй шүү.  Гэхдээ дээр хэлсэнчлэн газар багаддаггүй аж. Хүүхдүүд нь өсөхийн хэрээр, хүмүүсийн амьдрал сайжрахын хэрээр хэрэглээ  өсдөг юм билээ гэж гэрийн эзэгтэй Л.Энхцэцэг өгүүлсэн. Залуу улсын хувьд хор шар байна шүү дээ. Бусдаас  дутахгүй амьдрах юм сан гэх хүсэл тэмүүлэл нь хосуудыг ногоо тарихад хүргэсэн гэнэ. Мэдээж эхний гурван жил ногооныхоо учрыг олохгүй  ургац муу хурааж,  хураасан ногоогоо хадгалах аргаа олохгүй мунгинаж явснаа инээд хөөр болон ярьцгаасан.  Харин эдүгээ мань хоёр туршлага хуримтлуулсан ногоочид болжээ. Хаана хэрхэн яаж борлуулах аргаа ч хэдийнэ  олсон байна.  Сүүлийн таван жилд тэд зөвхөн тарьсан ногооныхоо үр шимээр  байшингаа шинэчилж, хашааныхаа банзыг сольж,  охиныхоо төлбөрийг яах билээ гэж гүйхгүйгээр амьдралынхаа бүх асуудлыг шийдсэн байна.  Сумын банк ч тэдний хөдөлмөр ч занг мэдэх хойно жилийн жилд  хүссэн хэмжээгээр нь зээл өгөх болсон гэнэ. Гэхдээ мань хоёр улаанбаатарынхан шиг хэдэн арван саяар нь зээл авахгүй  шүү дээ, хөдөөний бид нар чинь гэж байна лээ. 

 

Портер авах төлөвлөгөөтэй хосууд

 ...Хувь  ногоочдын тарьсан ногоо эко бордоотой гэдгийг иргэд  өнгөрсөн зунаас мэдэрч байгаа нь сайн хэрэг. Энэ зун бороо хур сайтай болоод тэр байх ногоо ч сайн ургасан. Нарийн ногоогоо хавар эрт тариалаад  эхний ургацаа наадмаар худалдаанд гаргасан...

Өнгөрсөн жил зуншлага тааруу байсан учраас зөвхөн ногооноосоо таван сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Бууцай, өргөст хэмх, улаан лооль, сармис зэрэг нарийн ногоог санасандаа хүртэл тарьж чадаагүй гэнэ.  Услаад байхад л олигтой ургаагүй юм байх. Харин төмс, лууван, сонгиноо үлдэгдэлгүйгээр  бор­луул­жээ. Аймгийн төвийн  захын лангуунууд хотоос тонн тонноор нь төмс, хүнсний ногоо­гоо татчихдаг тул  хувь  ногоочид гудамж талбай, орон сууцны хороолол, төв зам дагуу байрлал сайтай газрууд бараадан борлуулалт хийдэг аж.  Улаанбаатараас ирсэн ногоо үнэ хямд хэдий ч ихэнх нь хятадаас ирсэн байдаг ч иргэд үнэ хямдыг нь худалдаж авах сонирхолтой байдаг бололтой. Харин ногоочин Ж.Гантулга “Хувь  ногоочдын тарьсан ногоо эко бордоотой гэдгийг иргэд  өнгөрсөн зунаас мэдэрч байгаа нь сайн хэрэг. Энэ зун бороо хур сайтай болоод тэр байх ногоо ч сайн ургасан. Нарийн ногоогоо хавар эрт тариалаад  эхний ургацаа наадмаар худалдаанд гаргасан. Хоёр дахь нь одоо энэ. Улаан лоолийн амт онцгой сайн байгаа. Амтлаад үз.  Эхнэр бид хоёр 27 км -ийн цаанаас ногоогоо Өндөрхаан руу зөөвөрлөдөг. Өглөө эрт  үүр хаяарахтай зэрэгцээд талбайдаа гарч ногоогоо хураан түүнийгээ шуудайлан машиндаа ачаад аймгийн төвд ирэхэд бага үд өнгөрсөн байдаг. Өдөржин “Ногоо аваарай” гэсээр үдэш 22 цагтай уралдан гэрийн бараа харна шүү дээ. Есдүгээр сарын нэгэн эхлэхээс өмнө ногооныхоо 70 хувийг борлуулчихвал төлөвлөгөөгөө биелүүлчихлээ л гэсэн үг. Үлдсэн жаахныг нь ажлынхаа завсар зайгаар  хөдөөгүүр явж, малаар сольчихно. Өнгөрсөн жил 30 тооны бог малтай болсон. Түүнийгээ өвөл нь маллаад хавар хөдөө гаргачихдаг. Дүндээ дүн  шүү дээ” хэмээн ярьсан нь  хамаг л нууцаа ярьчихаж байгаа нь тэр бололтой.   Хосууд бага зэргийн зээлтэй гэнэ. Том охиныхоо шаардлагаар зээл авч гэрийн доторхи тавилгаа шинэчилсэн гэв.  Тэр зээлийнхээ үлдэгдлийг аравдугаар сард багтааж дараад дараагийнхаа зээлийг авахаар төлөвлөсөн байна. Учир нь мань хоёр  портертой болбол хөдөө, гадаа явж мал хуйгаа нааш цааш болгоход хүний царай харахгүй  юм байх. Түүнчлэн ирэх намар ногоогоо жижиг машинаар бус портероор зөөчихвөл өдөрт хоёр удаа нааш цааш явахгүй нэг мөсөн тав зургаан тонноор нь оруулж ирэх нь эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй нэг дор хоёулаа зогсох бус тус тусдаа лангуу ажиллуулах боломж бүрдэх   аж.   Бас хүлэмжийнхээ тоог ч нэмэхээр төлөвлөж байгаа гэсэн шүү. Ийм л амьдрал буцалсан, маргаашийн сайн сайнхны төлөө тэмүүлсэн ногоочин хостой уулзаад өнгөрөх зуур хийсэн тэмдэглэлээ хүргэлээ. Эрхэм уншигч та ч тэдний туршлагаар хашаандаа ногоо тарьж яагаад болохгүй гэж. Биднийг Өндөрхаан хотоос хөдлөхөд манай хоёр “Завханы улаан сармисны амтыг үзээрэй. Аагтай гэж янзын  98907551, 98997550 дугаар руу залгаад захиалж болно шүү. Хотоос хүмүүс захилдаг юм” гэсээр хоцорсон. Өнөөдөр  хариугүй аравдугаар сар гарах гэж байна. Хосууд маань ногоогоо зараад дуусчихсан, Гантулга маань цэцэрлэгийн багачуудаа  тойруулчихсан эрхлүүлж суугаа бол гэргий Л.Энхцэцэг маань хүн эмнэлэгтээ өвчтөнүүдээ эмчилсэн шигээ дуу аяланхан алхаж яваа биз ээ. 

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ