НАВАЛЬНЫЙГ ПУТИН ХОРДУУЛСАН ГЭХ ЗУРГААН “БАТАЛГАА”

Дэлхийн мэдээ

Навальный комоос гарлаа

Германы “Шарите” эмнэлэгт байгаа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный комоос гарч, хүний яриа ойлгож эхэллээ гэж есдүгээр сарын 7-нд тус эмнэлгээс мэдэгдсэн байна. “Наймдугаар сарын 22-нд тус эмнэлэгт ирсэн Алексей Навальныйн бие сайжирлаа. Өвчтөнөөс хиймэл амьсгалын аппаратыг нь салгалаа” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Навальный Томск-Москва гэсэн рейсээр нисч байгаад наймдугаар сарын 20-нд бие нь муудсан юм. Түүнийг эхлээд Омскийн эмнэлэгт аваачиж дараа нь 22-ны өдөр Германы эмнэлэгт хүргэсэн байна. Германы эмнэлэг түүний биеэс хорт бодисын шинж тэмдэг илэрлээ гэж мэдэгдэж байгаа юм. 

tsargrad.tv. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлийн эхний нүүрээс салахгүй байна. Германы эмч нар түүний арьс, бие, шээснээс “новички”  хорт бодис илрүүллээ. 

Үүнтэй зэрэгцээд Германы хэвлэлүүд сөрөг хүчний удирдагчийг Путин хордуулсан гэ­сэн зургаан баталгаа гаргажээ. Хэвлэлүүд шууд л “Кремлийг гол шүүмжлэгч”-ийг устгах тушаалыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. 

“Оросын дэглэмийг гол шүүмжлэгч үл мэдэгдэх үхлийн халдлагын золиос боллоо гэдэгт ямар ч эргэлзээ алга” хэмээн The New York Times сонин бичжээ. Британийн News Thump сонин “Гайхал Путин бас нэг өрсөлдөгчөө хордууллаа” гэж бичлээ.  “Владимир Путин өөрийг нь  хамгийн хурцаар шүүмжлэгчийнхээ нэгийг алахаар оролдов  уу” хэмээн Америкийн Foreign Policy асуусан байна. 

За тэгээд Германы хэвлэлүүд бол энэ л тухай бичиж байна. Stern хэвлэл Навальныйг ерөнхийлөгч Путин л хордуулсан гээд зургаан нотолгоо гарган дэвшүүлжээ. 

Нэгдүгээрт, Навальныйг хордуулсны дараагаар Оросын хэвлэлүүд энэ талаар таг дуугүй байсан. Дараа нь бараг л Навальныйг магтаж байгаа юм шиг дуугарцгаасан. Хоёрдугаарт, Түүнийг хордуулсан хэмээн эрүүгийн хэрэг нээгээгүй, харин ч түүний биеэс ямар ч хорт бодис илрүүлээгүй нь гайхах зүйл биш. Гуравдугаарт, Навальныйг эмчилж байсан эмнэлгийг тусгай хүчнийхэн хамгаалаад сөрөг хүчнийхнийг огт нэвтрүүлэхгүй байсан. Хууль сахиулагчид Навальныйн хэвлэлийн нарийн бичгийн даргыг өөрсдөө дуудаад хүнд, эрүүл мэнд нь тогтворгүй байгаа хүнтэй уулзуулах нь ховор гэж мэдэгдсэн. 

Дөрөвдүгээрт, “хорт бодис хэрэглэн хүнд халдах нь Орост бүр эртний уламжлалт арга”. Анна Политковскаяг бол бүр бууд­сан байдаг. Тавдугаарт, Навальныйг хордуулсан тэр нисэх буудал нь “Кремлийн хянал­тад байдаг” буудал. Зурга­дугаарт, “Московский комсомолец” Навальныйн Сибирээр явж ажилласан тайланг тодорхой нийтэлсэн хэмээжээ.

Х.ӨЛЗИЙ