Улс орнууд авлигатай хэрхэн тэмцдэг вэ

Дэлхийн мэдээ
Дэлхийн аль ч улс орон авлигатай тэмцэх үндэсний ямар нэг байгууллагатай. Ганцхүү тэр байгууллага нь хэрхэн ажиллаж, авлигыг хэрхэн илрүүлэн яаж шийтгэдэг вэ гэдгээрээ л ялгаатай. Авлига, албан тушаалын гэмт хэрэг яагаад буурахгүй байна. Улс орнуудад авлигатай тэмцдэг өөр өөрийн хууль, өөр өөрийн арга байна. Зарим нь цаазалж байхад, нөгөө нь олон жилээр хорьж, үлдсэн нь хөрөнгийг нь хураан улс байгууллага, олон түмнийг хохиролгүй болгоно. Улс орнуудад авлигатай хэрхэн тэмцэж байна вэ.
 
Америк
 
Нэгдсэн улс авлигын гэмт хэргийн төлөө 15 хүртэлх жилээр хорих юм уу, торгуулийн хэлбэрээр авсан авлигаас нь гурав дахин их хэмжээгээр хөрөнгийг нь хураадаг байна. Хууль хяналтын байгууллагын шалгалт хийгчид  банкаас ямар нэгэн бэлэг юм уу, зээл авсан нь тогтоогдвол банкны эзнийг эрүүгийн хэрэгт татна. Ийм банкны эзэн энэ үйлдлийнхээ төлөө авсан бэлгийнхээ хэмжээгээр торгууль төлж, нэг жил хүртэл хугацаагаар шоронд сууна. Шалгалт хийж “бэлэг” авсан албан тушаалтан бас ийм хэмжээний ял эдэлнэ. 
Тухайн байгууллага, аж ахуйн нэгжид ашигтай шийдвэр дүгнэлт гаргахын тулд бэлэг сэлт авсан албан тушаалтанд бас л эрүүгийн хариуцлага нүүрлэнэ. Төрийн албан хаагч, албан тушаалтан авлигын талаар заавал мэдээлэх үүрэгтэй. Төрийн тэргүүн ч бэлэг авахыг хориглодог. 
 
Швед
 
Швед бол авлигын түвшин хамгийн бага орны нэг гэдэг нь олон судалгаагаар тодорхой болсон. Манай умард хөрш авлигын индексээр 119 дүгээрт орж байхад Швед дөрөвдүгээрт ордог. Одоогоос 200 жилийн өмнө гэхэд Швед хамгийн их авлигажсан орон байлаа. Авлигатай тэмцэх талаар дэс дараатай арга хэмжээ авсны дүнд энэ улсын ард иргэд үр шимийг нь өнөөдөр хүртэж байгаа нь энэ. Парламент, Засгийн газар нь удирдлага, албан тушаалтнуудын ёс суртахууны хэм хэмжээг маш өндөр, нарийн тодорхойлж өгсөн. Ийм ч болохоор өнөөдөр Шведэд шударга ёс, тэгш байдал  гэдэг хэвийн хэм хэмжээ болсон. Өмнө нь Шведийн албан тушаалтан жирийн ажилчнаас 15 дахин их цалин хөлс авдаг байсан бол өнөөдөр хоёроос арай илүү дахин хөлс авна. 
 
Хонгконг
 
Энд өмнө нь мөн л авлига ид цэцэглэж байлаа. Яаж үүнийг ялан дийлж чадсан бэ. Төрийн бүхий л албан хаагч машин, сууц, үл хөдлөх хөрөнгөө шударга мөнгөөрөө худалдан авсан гэдгээ нотлох ёстой. Хэрэв нотолж чадахгүй бол тухайн хөрөнгийг хураах юм уу, шоронд суулгана. Авлигатай тэмцэх байгууллагын ажилт­нууд авлига авахгүйн тулд өндөр цалинтай. Үйлдлийг нь илрүүлсэн гэмт хэрэгтэй тэмцэхийн зэрэгцээ албан тушаалтнуудын хүрээнд хууль бус үйлдэл гарах магадлалтай зүйлд байнгын хяналт тавьж ажилладаг. байна. 
Хонгконгийн бас нэг онцлог нь  авлигатай тэмцэхийн тулд хууль хяналтын байгууллага нь сэтгүүлчид, ард иргэдтэй байнга хамтран ажилладаг. Хэвлэлээр гарсан материалыг заавал нягталж бурууг тогтоовол хариуцлага ногдуулдаг болохоор авлига авч олны хараанд өртөхийг хэн хүсэх билээ. 
 
Нидерланд 
 
Мөн л авлига хамгийн багатай орны нэг. Ийм болгохын тулд олон талын арга хэмжээ авсан. Авлига авсан албан тушаалтныг дахиад хэзээ ч төрийн байгууллагад ажиллуулахгүйн зэрэгцээ нийгмийн бүхий л төрлийн хөнгөлөлтийг эдлүүлэхгүй хасна. Төрийн байгууллагад ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулах нарийн системтэй. Байгууллага, хэлтэс бүрд авлигатай тэмцэх чиглэлийн урьдчилан сэргийлэх ажлыг нягт хийдэг байна. Авлига, хээл хахууль, залилангийн хэргийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрдөн шалгаж нийтлэх бүрэн эрх чөлөөтэй. Албан тушаалтан ямарваа нэг зөрчил гаргаагүй бол урамшуулал өгнө. 
 
Сингапур
 
Энд авлига авсан төдийгүй өгсөн хүнд хатуу шийтгэл ногдуулдаг. Албан тушаалтны хэн нэг нь авлигын хэрэгт холбогдсон бол тухайн хэлтэс тасгийн бүх ажилтныг хална. Авлигад орооцолдсон хүний албан тушаал хэдий өндөр тусам төдий л өндөр шийтгэлтэй. Авлигын таамаг­лал, сэжиг гэдэг нэр томъёо зөвхөн Сингапурт л байдаг. Энэ нь авлигад сэжиглэгдсэн л бол авлига аваагүй нь нотлогдох хүртэл та буруутай гэсэн үг. 
 
Хятад
 
Авлигын гэмт хэрэгт хамгийн хатуу харгис шийтгэл ногдуулдаг орон бол Хятад. Ердөө л цаазаар авах. Хятадын төрийн өндөр албаны 10 мянга гаруй хүн авлигын гэмт хэргийнхээ төлөө ийм шийтгэл хүлээгээд байгаа. Ялыг хөнгөллөө гэхэд бүх насаар нь хорих, бүр зөөлрүүллээ гэвэл 10-15 жил. Хятадад 2012 оноос хойш авлигатай тэмцэх компанит ажил өрнөж, авлигаар хөрөнгөжөөд гадаадад зугтан гарсан, тэндээ үл хөдлөх хөрөнгөтэй болсон хүмүүсийг мөрдөн шалгаж, баривчлан авчирч шийтгэдэг болсон. Зөвхөн 2015-2018 онд гэхэд гадаадын 90 орноос 4000 гаруй ийм хүнийг авчирч хууль ёсны шийтгэлийг нь ногдуулсан байна. Эдгээр хүмүүсийн гэмт хэргийн замаар олж хуримтлуулсан 1.58 тэрбум ам.долларыг хурааж улсын орлого болгожээ. 
Х.ӨЛЗИЙ