УКРАИНЧУУД ТОРОПЦЕ ДАХЬ ОРОСЫН ЗЭВСГИЙН ТОМ АГУУЛАХЫГ ДЭЛБЭЛЛЭЭ

Дэлхийн мэдээ

   Украины зэвсэгт хүчин лхагва гаргийн өглөөгүүр оросын Тверь муж дахь Торопцегийн зэвсгийн нөөцийн томоохон агуулахад  цохилт өгсөн нь 2022 онд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш оросын зэвсэгт хүчинд ихээхэн хохирол учруулсан цохилт боллоо. Бүр 2018 онд тоноглосон энэ байгууламжид тэсрэх бодис, артиллерийн сум, баллистик пуужингууд хадгалж байжээ. Энд шатахуун, “Искандер”, “Точка-У” пуужин,агаарын удирдагат бөмбөг байсан гэнэ.

Цохилтоос үүдсэн дэлбэрэлт асар их хүчтэй байснаас газар доорхи түлхэлт мэдрэгдсэнийг хяналтын станцууд тэмдэглэжээ.

Зарим эх сурвалжаар Украины хилээс 470 км-ийн зайтай Торопцед 30 мянга орчим тонн сум галт хэрэгсэл байсан нь Курск, Белгород, Брянск дахь оросын армийн умардын шуурхай бүлэглэлийн хангамж, байлдааны ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болно гэж шинжээчид үзэж байна. Оросын Батлан хамгаалахын сайдын орлогч байгаад энэ оны эхээр авлигын хэргээр баривчлагдсан Дмитрий Булгаков тухайн үед энэ байгууламжийг ямар ч зэвсэг, пуужингаас хамгаалагдсан “бүр цөмийн цохилтоос ч хамгаалж чадах”  “олон улсын стандартад хамгийн сайн нийцсэн” агуулах гэж нэрлэж байсан юм. Агуулах нийтдээ таван хавтгай дөрвөлжин км талбай эзэлсэн 12 км урт байгууламж байжээ.

Сум галт хэрэгслийн ихэнх нь газар доор байсан болохоор Украин үүнийг нэвтэлж устгах нисэгчгүй аппарат ашигласан эсэх нь тодорхойгүй байна.

Гэхдээ Москва зэвсэглэл хадгалах дүрмээ дагаж мөрдөлгүй, агуулахуудыг бие биед нь  хэт ойр байрлуулсан бол  бункерууд дэлбэрсэн байхыг үгүйсгэхгүй.

Украин Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх алсын тусгалтай пуужин ашиглах хязгаарлалтаа цуцлахыг Өрнөдөд удаа дараа уриалж, үүний өмнө 1800 км зай дахь Орск хотод нисгэгчгүй аппаратаар цохилт өгсөн шигээ  Оросын бай руу довтолсоор байгаа юм.