Манай нийслэлийн удирдлагууд хотоо “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээн нэрлээд удлаа. Аз жаргал гэдэг үг хэн хүн санаа сэтгэл түвшин, сэтгэл зовох ямар нэгэн зүйлгүй, цалин орлого нь хүрэлцээтэй, амар сайхан байхыг хэлэх болов уу. Үлгэрт хүртэл “гар газраа хөл хөсөрөө” амар сайхан жаргажээ гэдэг дээ.
Авч байгаа цалин орлого нь хүрэлцээтэй, дэлгүүр худалдааны төвд ороод очихоор юмны үнэ ханш нь тогтвортой, гараад явахаар машин зам нь түгжрэлгүй, гудамж талбайд гараад жаахан алхахад агаар нь цэнгэг сайхан, энд тэнд элдэв муу муухай хэрэг зөрчил дуулдахгүй байж гэмээнэ аз жаргалтай гэж нүүр бардам хэлмээр.
Харин монголчууд, нийслэлийн иргэд бид сэтгэл зовох ямар нэг зүйлгүй, ажил албаа хийн, ар гэртээ жаргаж, эрүүл энх сайн сайхан байж чадаж байгаа билүү
Нийслэлийн удирдлагуудынхаар бол тэд нийслэл хотоо аз жаргалтай нийслэл хот болгочихоод ёстой хөл хөсөр, гар газар амар тайван байгаа бололтой.
Арга ч үгүй бизээ, өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Монгол Улсыг жинхэнэ ёсоор цэцэглүүлэн хөгжүүлнэ хэмээн алдарт мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн болохоор. Үүнээс хойш УИХ-ын дарга Г.Занданшатар нэгэнтээ Монгол улс дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 10 улсын нэг боллоо гэсэн алдарт үгээ хэлсэн удаатай.
Нэгэнт 2020 оны мөрийн хөтөлбөрөө бүгдийг хэрэгжүүлээд дуусчихсан одоо ирэх хаврын сонгуульд ялаад Монгол Улсаа 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрөө ярьж, энэ хүртэл улс орноо удирдахаар зориг шулуудаад байгаа МАН “Аз жаргалтай Улаанбаатар” хот болгохоор агаарын бохирдлыг хэрхэн буруулсныг эргэн харцгаая.
Манай энхрий хайрт МАН “Аз жаргалтай Улаанбаатар” хот болгохын тулд юун түрүү ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна” гээд амлачихаж. Хугацаа давчуу, дөрөвхөн жил, тэгээд бас олон хүчин зүйлээс шалтгаална, хөрөнгө мөнгө хомс гээд бүрэн устгачихна гэсэнгүй ээ бас, 70-80 хувь гэж.
Тэгээд ч “нийслэлийн агаарын бохирдол ДЭМБ-ын гаргасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс 25 дахин их байна” гэж энэ МАН 2016 олны мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд дурдаж байсан. Тэгээд 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийнхөө “4000 айлын орон сууц”, “40000 айлын орон сууц”, “100000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн аварга том амлалтуудаа арай гүйцээгээгүй болохоор даруухан амлаж 70-80 хувь бууруулна гэсэн байх. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулна гэж 2017 оноос хойш 2020 он хүртэл 456 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй болохыг аудитын байгууллага дүгнэсэн байдаг.
Үр дүнд хүрээгүй гэхээр агаарын бохирдол буураагүй байх нь. Үнэхээр ч Улаанбаатар хотын гадаад орчны агаар бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2016 онтой харьцуулахад РМ2.5 тоосонцор 30 мкг/м3, РМ10 тоосонцор 38 мкг/м3, Азотын давхар исэл (NO2) 1 мкг/м3-ээр багассан бол хүхэрлэг хий (SO2) 11 мкг/м3-ээр ихэссэн байна” гэсэн байдаг.
За ингээд МАН өнөөх мөрийн хөтөлбөртөө заасанчлан “....сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүл”-эхээр “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшний үйлдвэрийн төсөлд 2019-2022 онд 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Түлш үйлдвэрлэсээн.
Чухамдаа шахмал түлш нь ард иргэдийн өмнө нь хэрэглэж байсан түүхий нүүрснээс илүү их тортог утаатай, ард иргэдийн эрүүл мэндэд илүү хортой утаа ялгаруулж байгаа нь олон зүйлээр батлагдах нь тэр.
“Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш угаарын хийн улмаас нас барсан иргэдийн тоо өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн. Амьсгалын замын өвчнөөр 2022 онд 6,000 орчим хүн, 2023 онд 16,000 хүн өвчилж, хүн амын эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж байна” хэмээн Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа хэвлэлийн бага хурал хийлгэн мэдээлснийг ikon.mn сайт энэ 2024 оны нэгдүгээр сарын 22-нд нийтэлсэн байна.
Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүний тоо 2023 онд 2022 оныхоосоо бараг гурав дахин өссөн байгаа биз. Өнөөх сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг үйлдвэрийнх нь орчмын газар, айл, барилга байшин хөөтэй хар төлөг шиг болчихсон, айлын чимхээд тагтан дээрээ тавьсан бууз тас хар болчихсон байхад өөрөө ямагт агаар сорж байдаг хүний уушиг ямар болох нь тодорхой л доо.
Ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндэд хортой ийм туршилт хийхийн зэрэгцээ “ёстой нөгөө чононд хонь хадгалуулав” гэгчээр “Таван толгой түлш” компани ч ард түмний өнөөх бараг их наяд төгрөгөөр тоглож байдаг нь зах зухаасаа илэрсээр.
“Тавантолгой түлш” ХХК-иас Зерован ХХК-д нийт найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун болон мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. О.Ууганбаяр нь Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон байна” хэмээн Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сайд хэлж байлаа. Энэ бол гудамжны үг биш УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайдын үг.
“Ц.Даваацэрэнгийн толгойлж буй “Тавантолгой түлш” ХХК нь тухайн жилд санхүүгийн нэлээдгүй зөрчил гаргасан нь аудитын шалгалтаар ил болсон байна. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК нь худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй, шууд худалдан авалтаар 2,1 тэрбум төгрөгийн 240 гэрээ байгуулсан байжээ. Мөн санхүүгийн программ, автобусны түрээс зэрэг 386.7 сая төгрөгийн худалдан авалтыг тендер шалгаруулалт зохион байгуулалгүй шууд худалдан авсан болох нь аудитын шалгалтаар ил болсон байна. Түүнчлэн шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлбэл зохих 4,6 сая төгрөгийн орлогын таван гүйлгээ, 255.8 сая төгрөгийн зарлагын найман гүйлгээг мэдээлээгүй байсан” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж л байлаа. Өнөө шилэн данс, ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авахад тендер энэ тэр зарлана гэдэг яасан бэ. МАН-ын гишүүдэд хамаагүй хэрэг үү. МАН ч тэгээд өөрийнхөө гишүүн, боловсон хүчин энэ хүмүүстээ нэг их хатуурхаж хариуцлага тооцоогүй.
Харин нэгэнт амлачихсан юм болохоор нийслэл хот утаа униар дундаасаа харагдахгүй болж, гадаа явж байгаа хүн хөхүүлж ханиалгах нь бүү хэл салхивч нээхэд өмхий утаа үнэртэж байдаг ид цагаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн хэмжээнд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан. Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна” гэж мэдээлээд олны шүүмжлэлтэй тулж байлаа.
Үүнийг юу гэж ойлгох вэ. Намын улаан батлахтай, бас ч гэж дарга даамлын цүнх барьж, ар өөрт нь гүйж явсны ачаар МАН-аасаа хайр хишиг хүртэж энэ их, хөрөнгөн дээр сууж, намдаа чамгүй хандив өгсөн болохоор яаж ч байсан ажлаа сайн хийж агаарын бохирдлыг бууруулсан нэр хүлээхгүй бол болохгүй гээд ингэж хэлсэн гэж ойлгох уу. Эсвэл буураагүйг нь мэдсээр байсан ч дарга даамлууд, эрхтэн дархтнууд нь “буурсан гэж хэлэхгүй бол....” гээд ар шилэнд нь асуудал тулгаад байхаар ингэж хэлсэн хэрэг үү.
Сүүлийн хэдэн өдөр цаг агаар дулаарч, айл амьтан нэг их гал түлээд байхгүй болохоор нийслэлийн агаар овоо цэвэршиж байтал өчигдөр /гуравдугаар сарын 27-нд/ нэвсийсэн цас орж, дараа нь салхилан агаарыг ёстой ариусган цэвэрлэлээ.
Одоо МАН-ын удирдлагууд “харж байна уу, бид агаарын бохирдлыг бууруулчихлаа” гэхээр л байна. Ингэсгэж байтал сонгууль ойртох тусам улам л дулаарч утаа улам л багасна.
Ингэсээр сонгууль болох зургадугаар сарын сүүлч гэхэд нийсэл ч агаарын бохидолгүй болно л доо. Тэр цагт МАН “бид агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна гэсэн, харин ч давуулаад 100 хувь бууруулчихлаа” гэх нь л дээ.
МАН-ын нэг зүтгэлтэн “өвөл болохоор хүйтэн болдог” хэмээн алдарт үгээ хэлсэн. Түүн лүгээ “Зун болохоор агаарын бохирдолгүй болдог” гэсэн алдарт үгийг МАНай энэ намын нэг зүтгэлтэн хэлэх л байх даа.
Хүн зоны хамгийн эмзэг сэдвийг хамж шимэж байгаад мөрийн хөтөлбөр болгон зарлаад, дотроо бол биелэх эсэх нь ямар хамаа байхав, сонгуульд л санал авч зөөлөн суудалд сууж байвал болох нь тэр. Тэгээд ч энэ бүх амлалтыг чинь биелүүлэх нэрээр хөрөнгө мөнгө тусгаад хувааж идэхэд амар гэдэг зарчим л яваад байна уу даа, үгүй юу.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр
2024 оны гуравдугаар сарын 25. Даваа. №028 (5946)
1 Сэтгэгдэл
aviator sinyal hilesi ücretsiz https://aviatoroyna.bid - aviator oyna slot