Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сард болно. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс одоо ямар ямар ажил хийж байна?
-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа гэдэг нь хэн, хэзээ юуг хийсэн байх ёстой вэ гэдгийг маш тодорхой, цаг хугацааг нь нарийн тогтоож өгсөн эрх зүйгээр зохицуулагддаг цогц зүйл юм. Ийм учраас Сонгуулийн ерөнхий хороо энэ оны нэгдүгээр сарын 9-нд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан.
Энэ цаг хугацааны хуваарь болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаад явж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө 330 сум нийслэлийн есөн дүүрэг хуралдаж хэсэг байгуулах ёстой байдаг. Энэ хэсэг гэдэг нь сонгогчдоос санал авч тоолох ажиллагааг зохион байгуулах анхан шатны газар нутгийн нэгж.
-Тэгэхээр нэг хэсэгт хэдэн сонгогч байх вэ. Үүнийг хэрхэн тогтоож өгдөг юм бэ?
-Энд хэд хэдэн онцлог бий. Тодруулбал, тухайн хэсэгт хэдэн сонгогч байх вэ гэдэг зүйл байна. Энэ нь санал авах байрт ямар хэмжээний ачаалал үүсэх вэ гэдэг тооцоог гаргана гэсэн үг.
Ийм учраас хуульд зааснаар аймгийн төвийн болон нийслэлийн дүүргүүдийн нэг хэсэгт сонгогчийн тоо 3000-аас хэтрэхгүй байх ёстой. Бусад газар 2000 сонгогчоос хэтрэхгүй байх ёстой. Мөн нэг хэсэгт 200-аас бага сонгогч байж болохгүй гэж тогтоож өгсөн байдаг.
УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг УИХ-аас 2023 оны арванхоёрдугаар сард тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж таван бүсэд хамаарах 13 тойрог тогтоож өгсөн. Тойргийн онцлог нь гэвэл саналын хуудастай шууд холбоотой. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас дээр олон нэр дэвшигч бичигдэх байх. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хосолсон тогтолцоогоор явагдана. Тэгэхээр саналын хуудас дээр нэр дэвшигчээс гадна нам, эвслийг дугуйлах талбартай байна. Ингээд үзэхээр нэгж сонгогчийн саналаа тэмдэглэх, санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа уншуулах хугацаа уртассах байх гэсэн тооцоо гарч байгаа.
Ийм учраас хуульд нэг хэсэг дээрх сонгогчийн тоо 3000 хэтрэхгүй гэж заасан боловч энэ тоонд тулгахгүй. Өөрөөр хэлбэл нэг хэсэг дээрх сонгогчийн дундаж тоо 2400 хэтрүүлэхгүй байх бодлого баримталж байгаа. Ингээд улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 2188 сонгуулийн хэсэг байгуулагдсан. Энэ хэсгүүдэд хамаарах сонгогчийн тоог аваад үзвэл аймгийн төв болон нийслэл дэх сонгуулийн санал хураах нэг хэсэгт байх сонгогчдын дундаж тоо 2200 орчим болж байгаа юм. Ингэснээр нэг ёсондоо сонгуулийн хэсэг дээрх ачааллыг буруулж байна гэсэн үг. Нэг хэсэг дээрх сонгогчийн тоо олон байх тусам ачаалал нэмэгдэнэ. Тэгээд санал авах байруудад урт дараалал үүсдэг тал бий.
-Та одоогийн байдлаар сонгуулийн 2188 хэсэг байгуулагдсан гэлээ. Тэгэхээр сонгуулийн санал авах хэсгийн тоо өөрчлөгдөж магадгүй гэсэн үг үү?
-Тийм. Хуульд заасны дагуу сонгуулийн санал авах зарим хэсгийг нэгтгэх, тусгаарлах боломж байдаг. Санал хураах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр ийм ажиллагаа хийж болдог юм. Жишээ нь хөдөө зарим багуудад нэг соёлын төвийн байранд сонгуулийн хоёр хэсгийн сонгогчид өөр өөр хаалгаар орж санал өгдөг тал бий.
Тэгэхээр нэг л байранд ирж санал өгөх учраас тухайн хоёр хэсгийг нэгтгэж нэг хэсэг болгох боломжтой юм. Эсвэл багуудыг нийлүүлээд хэсэг байгуулсан чинь зусландаа гарахдаа санал өгөх хэсгээсээ холдоод нүүчих явдал гардаг. Тэгвэл үүнийг тусгаарладаг. Өөрөөр хэлбэл холдоод нүүсэн тухайн багууд дээр санал авах байр бэлдэнэ гэсэн үг. Эдгээрээс шалтгаалаад сонгуулийн хэсгийн тоонд өөрчлөлт ордог тал бий.
- Сонгогчдын нэрийн жагсаалт хэзээ гарах вэ?
-Хуульд заасны дагуу сонгуулийн хэсэг байгуулах ажил хийгдсэн. Одоо Улсын бүртгэлийн ерөнхий газар хэсэг буюу тухайн нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа хаягийн бүртгэлийг нь үндэслээд сонгогчдын нэрийн жагсаалт гаргана. Энэ үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хийнэ. Ингээд нийтэд ил тод мэдээлж эхэлнэ гэсэн үг. Иргэн Бат-Эрдэнэ Улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудас руу ороод регистрийн дугаараа хийж үзэхэд би аль дүүргийн, аль хороон дээр хаана очиж саналаа өгөх юм бэ гэдгээ мэдэж авна. Үүнээс гадна өөрийнхөө овог нэр, регистрийн дугаар зөв эсвэл буруу бичигдсэн эсэхийг шалгах боломжтой. Мөн манай хаяг дээр миний мэдэхгүй, танхигүй хүн байгаа эсэхийг шалгах боломж нээгдэнэ гэсэн үг.
-Сонгууль зохион байгуулах бэлтгэл ажил хангах, иргэн бүрийн сонгох эрхийг эдлүүлэх талаар та бүхэн ямар ямар ажил хийж байна вэ?
-Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах чиглэлээр 21 аймагт тав дахь удаагаа томилолтоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа буюу 2023 оны наймдугаар сараас эхлэн орон нутагт Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сонгогчдод тайлбарлах, мэдээлэл хүргэх зэрэг сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Аймгуудад сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын талаар чиглэл өгөх, албан бичиг хүргүүлэхээс илүүтэй түүнийхээ хэрэгжилтийг хангах үүднээс газар дээр нь очин ажиллаж байгаа юм. Бас иргэн бүрийн сонгох эрхийг эдлүүлэх үүднээс нэлээд ажил зохион байгуулж байна. Сонгох эрхээ хэрэгжүүлж чадалгүй үлдчихээд байдаг иргэд бий. Тухайлбал, уул уурхайн салбарын ажилчид байна. мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж суралцаж байгаа оюутнууд байдаг. Ийм учраас тэдний сонгох эрхийг хэрэгжүүлэх үүднээс холбогдох байгууллагуудтай нь ажиллаж байгаа. Жишээ нь Өмнөговь аймагт Сонгуулийн ерөнхий хорооноос томилолтоор ажилласан баг тус аймагт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Сонгуулийн санал хураах өдөр үйл ажиллагааныхаа онцлогоос шалтгаалж ажилтай байх юм бол тухайн сонгогчдод чөлөө олгох ёстой. Ингэж тэр сонгогчийг санал өгөх боломжоор хангаж өгөх үүргийг тухайн компани хуулиар хүлээсэн байдаг. Ийм учраас энэ боломжийг нь яаж хангах, ямар хүндрэл бэрхшээл байгаа, ямар шийдэл байж болох талаар тухайн компанийн төлөөлөл нартай ярилцсан. Дөрөвдүгээр сар гараад Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар бүх шатны сонгуулийн хороод болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс байгуулах асуудлыг оруулна. Үүнээс өмнө бүх шатны сонгуулийн байгууллагад ажилладаг албан хаагчдыг Сонгуулийн ерөнхий хорооноос сургалтад хамруулж сорил авч байна. Энэ сургалтыг бид өмнө тухайн газар нутаг дээр очиж хийдэг байсан. Үүнд зардал нэлээд өндөр гардаг байлаа. Ийм учраас бид сургалтын цахим систем нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид сургалтаа цахимаар үзээд сорил өгөөд тэнцвэл аль ч шатны сонгуулийн хороонд ажиллах эрх үүсэх боломж бүрдүүлсэн.
-Тэгэхээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд нийт хэдэн хүн ажиллах юм бэ?
-Зөвхөн сонгуулийн хороодод төрийн 27 мянган албан хаагч ажилладаг. Үүн дээр улсын бүртгэлийн байгууллага, цагдаа, онцгой байдлын болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар чиг үүрэг хүлээн ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг тооцвол 40 орчим мянга болно. Энэ их хүний нөөцийн хүчээр бид улсын хэмжээнд зохион байгуулдаг том компанит ажлын бэлтгэлээ хангадаг гэсэн үг.
-УИХ-ын энэ удаагийн сонгууль их онцлогтой. Гишүүдийн тоо нэмэгдсэн. Холимог тогтолцоогоор томсгосон тойргоор сонгууль явагдана. Тэгэхээр өмнөх сонгуулиудтай харьцуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд тулгарч байна уу?
-Бид сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгүүд байгуулдаг. Энэ ажлын хэсэгт цагдаа, тагнуул, прокурор, улсын бүртгэлийн гээд холбогдох чиг үүрэг хүлээсэн бүх байгууллагын төлөөлөл ордог. Тэгээд ажлын төлөвлөгөө гаргаад үндсэн таван ажлын хэсэг гаргадаг. Үүний нэг нь ямар эрсдэл, хүндрэл гарч болох эсэхийг тодорхойлдог. Энэ ажлын хэсгээс эхний дүгнэлтүүд гарч байна. Тухайлбал, дээр хэлсэн шиг сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор саналын хуудас дээр бичигдэх нэр олон болох учраас нийт сонгогчийн санал өгөхөд зарцуулах хугацаа удааширна.
Иймд санал авах байрт урт дараалал үүсэж магадгүй юм. Тэгэхээр үүнээс сэргийлж санал өгөх бүхээгийн тоог нэмэгдүүлэх, дотоод зохион байгуулалтад анхаарч сонгогчдын санал өгөөд гарах урсгалыг хурдасгах арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Ер нь нэг сонгогч саналаа тэмдэглээд санал тоолох төхөөрөмжид уншуулахад 15 секунд болдог тооцоо бий. Гэтэл саналын хуудас урт болох юм бол санал төхөөрөмжийн унших хугацаа бага зэрэг нэмэгдэнэ. Үүнээс гадна санал өгөх бүхээгт суугаад саналаа тэмдэглэх нь тухайн хувь хүнээс шалтгаалж харилцан адилгүй хугацаа зарцуулдаг. Дунджаар нэг минутад саналаа тэмдэглээд явдаг. Энэ хугацаа бас тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх гэж харж байгаа. Ийм учраас бэлтгэл зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
-Сонгууль зохион байгуулах зардал нэмэгдэх тухай асуудал яригдах болсон. Энэ ямар учир шалтгаантай юм бэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр батлагдсан. Тойрог, мандатыг УИХ-аас хуульд заасны дагуу 2023 оны арвахоёрдугаар сард тогтоосон. Ийм учраас төсөв батлагдсаны дараа тойрог, мандат тогтоогдож байгаа юм. Тэгэхээр зөрүү үүссэн. Тодруулбал, бид дээр саналын хуудас жаахан урт болох нь байна гэж хэлсэн. Бас санал авах байранд санал авах бүхээг нэмэх шаардлага үүсэж байна. Эдгээртэй холбоотойгоор зардал нэмэгдэх болоод байгаа юм. Уг асуудлыг холбогдох байгууллагуудад нь танилцуулаад явж байна. Түүнээс биш Сонгуулийн ерөнхий хороо буруу тооцоо гаргасан учраас нэмж зардал гарч байгаа асуудал биш.
Зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг авахтай холбоотой зардал нэмэгдэж байгаа гэсэн үг.
-Тэгвэл саналын хуудас дунджаар хэдий хэмжээгээр уртсах төлөв байгаа юм бол. Одоогоор тодорхой зүйл гарсан уу?
-Саналын хуудас тийм хэмжээтэй, ийм загвартай байна гэдгийг тогтоодог хуульд заасан хугацаа бий. Өөрөөр хэлбэл сонгуульд хэдэн нам, эвсэл оролцох, тухайн тойрогт хэдэн нэр дэвшигч байхаас шалтгаалаад тойрог тус бүрд харилцан адилгүй байна. Ийм учраас энэ бүгд тодорхой болсны дараа саналын хуудасны хэмжээ, загвар эцэслэн гардаг. Жишээ нь 10 мандаттай хоёр тойрог байгаа. Тэгвэл энд 10 нам сонгуульд оролцоно гэж төсөөлөөд үзье л дээ. Эдгээр нам бүгд 10, 10 нэр дэвшигч гаргана гээд бодъё. Тэгэхээр нэг саналын хуудас дээр магадгүй 100 нэр дэвшигч бичигдэх боломжтой байгаа юм.
Ийм учраас өмнөх сонгуулийн саналын хуудаснаас тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцох болно шүү дээ. Хамгийн эхний баримжаа нь сонгуульд оролцох нам, эвслийн дээд хязгаар одоо харагдана. Өөрөөр хэлбэл гуравдугаар сарын 25-ны өдөр гэхэд сонгуульд оролцох нам, эвсэл Үндэсний аудитын байгууллагад сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгдөг. Яагаад дээд хязгаар гэж хэлээд байна вэ гэдэг нь бас учиртай. Магадгүй Аудитын байгууллагад 20 нам сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө өгч болно. Гэтэл яг сонгуульд оролцохдоо 15 ч орж болох юм. Ийм учраас ерөнхий тоо, баримжаа харагдаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчээ бүртгэж дуусаад яг хэдэн хүн байх эцсийн шийдвэр гарсны дараа саналын хуудасны эцсийн загварууд гарч эхэлдэг. Үүний дараа хэвлэнэ гэсэн үг.
-Бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж л байгаа байх. Гэхдээ хэдэн сонгогч санал өгөх баримжаа тооцоо байгаа болов уу?
-Сонгогчийн нэрийн жагсаалтад 18 насанд хүрсэн хүнээ нэмэх, нас барсан хүнээ хасах, хорих ял эдэлж байгаа хүмүүсээ түр хасах зэрэг өөрчлөлтүүд гардаг. Ерөнхийдөө 2.2 сая иргэн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдэх төлөв бий.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд саналаа хэрхэн өгөх вэ?
-Хуульд маш тодорхой заасан. Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд сонгуулийн пропорциональ тогтолцоотой хэсэгт санал өгнө. Өөрөөр хэлбэл 48 гишүүнийг сонгох санал өгнө гэсэн үг. Санал өгөх үндсэн хэлбэр нь өөрийн дэмжиж байгаа нам, эвслийг дугуйлна гэсэн үг. Одоогийн байдлаар дипломат төлөөлөгчийн 50 газарт санал өгөх ажиллагааг зохион байгуулах юм билээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2024 оны гуравдугаар сарын 26. Мягмар. №029 (5947)
4 Сэтгэгдэл
pin up indir: https://pinupgiris.fun/ pin up bet
en iyi slot siteleri https://slotsiteleri.guru/ casino slot siteleri
sweet bonanza bahis https://sweetbonanza.bid/ - sweet bonanza free spin demo
gate of olympus hile - https://gatesofolympus.auction/ gates of olympus nasıl para kazanilir