Иранчууд засгийн газрынхаа эсрэг жагссаар байна

Дэлхийн мэдээ

   Болгарт амьдардаг иранчууд улсынхаа өнөөгийн эрх баригчдынхаа эсрэг “эмэгтэйчүүдийн эрхийн төлөө” уриатайгаар болгарын нийслэл Софи хотноо эсэргүүцлээ илэрхийлэн жагслаа гэж болгарын үндэсний радио аравдугаар сарын 22-нд мэдээллээ. Жагсагчид “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө”, “Иранд эрх чөлөө олго” гэсэн уриа, зурагт хуудас барьжээ.

 Зарим залуу эмэгтэй нь алчуур, гивлүүр зүүгээгүй байна. “Бид Иранд эсэргүүцлээ илэрхийлж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Бид энэ дэглэмийг өөрчлөхийг хүсч байна. Энэ бол хувьсгал. Бид бүх нийтийн эрх чөлөөний төлөө тэмцэж байна” гэж иранаас Болгарт дүрвэж ирсэн Хамид ярьжээ. Тегеранд төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар ирсэн 22 настай эмэгтэйг гивлүүр буруу зүүсэн хэмээн цагдаагийн ёс журмын тасгийнхан баривчилсны дараа эмэгтэй гадны нөлөөтэйгөөр нас барсны дараанаас Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж энэ нь улс орныг бүхэлд нь хамарсан юм. “Бид хүний эрхийг хүндэлдэггүй энэ дэглэм, энэ дарангуйлагчаас залхаж байна. Хүн ямар хувцас өмсөхөө ч сонгож чадахгүй боллоо шүү дээ” гэж жагсагчдын нэг хэлжээ. Жагсаал зохион байгуулагчид бас Украиныг шийдвэртэй дэмжиж байгаагаа мэдэгдээд өөрийн нь эх оронд үйлдвэрлэж орост нийлүүлсэн нисгэгчгүй аппаратууд хүний амь сүйтгэж, иргэний байгууламжуудыг устгаж байгаад харамсч байгаагаа илэрхийлсэн байна. “Бидний эсэргүүцээд байгаа Ираны засгийн газар, дэглэм өнөөдөр Оросыг дэмжиж байна. Гэвч Ираны ард түмэн Украины талд байгаа юм” гэж Хамид хэлжээ. Германы нийслэл Берлинд амьдарч байгаа иранчууд бас эх орон нэгтнүүдийнхээ эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжин бямба гарагт жагссанд 80 мянга орчим хүн оролцсон байна.