Эрхүүд Су-30 онгоц орон сууцны байшин дээр уналаа

Дэлхийн мэдээ

   ОХУ-ын Эрхүү хотод байлдааны Су-30 сөнөөгч онгоц хувийн хоёр давхар байшин дээр унаж дэлбэрлээ гэж  мужийн амбан захирагч Игорь Кобзев мэдээллээ. “Пржевальскийн гудамжинд “Су” ангиллын сөнөөгч онгоц орон сууцны хоёр давхар байшин дээр унасныг урьдчилсан байдлаар тогтоогоод байна” гэж амбан захирагч Telegram сувагтаа бичжээ. Орон нутгийн Онцгой байдлын алба харин “Су-30 сөнөөгч онгоц туршилтын нислэгийнхээ үеэр өндөр алдаж унасан. Энэ нь онгоц хүлээн авах нислэг байсан байна. Онгоц Павел Красильниковын гудамжинд байшин дээр унаж хоёр нисгэгч нь амь үрэгдсэн. Нийт 200 хавтгай дөрвөлжин метр талбайд түймэр дэгдсэний ил галыг унтраалаа” гэж мэдээлсэн байна. Онгоц дээр нь унасан байшинд таван хүн амьдардаг ч осол болох үеэр гэртээ байгаагүй байна. Орон нутгийн захиргаа хоёр гэр бүлд тус бүр 100 мянган рублийн нөхөн төлбөр олгосон байна. Ослын улмаас 150 байшин гэрэл цахилгаангүй болжээ. Оросын Мөрдөн байцаах хороо хэрэг гарсан газраад төв албаныхаа мөрдөн байцаагч, шинжээчдийг илгээн шалгаж байгаа юм байна. Прокурорын газар агаарын тээврийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Долоо хоногийн өмнө Краснодарын хязгаарын Ейск хотод байлдааны сөнөөгчбөмбөгдөгч Су-34 онгоц орон сууцны 15 давхар барилга дээр унасны улмаас 15 хүн амь алдсаны гурав нь насанд хүрээгүй хүүхэд байсан юм.