СИ ЗИНЬПИН 2050 ОН ХҮРТЭЛХ АЛСЫН ЗОРИЛТОО ДЭВШҮҮЛЛЭЭ

Дэлхийн мэдээ

    Өнөөдөр Бээжин дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хэргийн учир нь тэнд Хятадын Коммунист намын ХХ их хурал хуралдаж өнгөрсөн таван жилийн ажлын дүнгээ хэлэлцэж ирэх жилүүдийн зорилтоо дэвшүүлж байгаа юм. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрөгч таван жилийн ажлын тайлангаа илтгэсэн хоёр цагийн илтгэлдээ өнгөрсөн он жилүүдийн гол үр дүн амжилтыг авлигатай тэмцсэн, ядуурлыг болон COVIDыг ялсан явдал гэж тодорхойлов. Харин шинэ зорилтоо Си Зиньпин үндэсний батлан хамгаалах салбарын шинэчлэлээ түргэтгэх, төрийн тусгаар тогтнолоо хамгаалах, сансрын орон зайд цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын харилцааг ардчилах явдал гэжээ. Дэлхий дахин түүхийн уулзвар дээр ирчхээд байна, одоо бүх улс орны хүмүүсийн хийх сонголтоос хаашаа явах нь шалтгаална. Хятад улс ямагт даян дэлхийн энхтайвныг дэмжиж, бүх нийтийн хөгжил, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө байсаар ирсэн. Бээжин урьдын адил хараат бус гадаад бодлого, төрөл бүрийн асуудлаар өөрийн бодлогоо өөрөө тодорхойлох байр сууриа хатуу баримтлах болно. Хятад улс олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахыг үргэлж эрмэлзэх болно. БНХАУ бүх төрлийн ноёрхол, хүчирхийлэх бодлого, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, давхар стандартыг эрс эсэргүүцнэ. Хятадын коммунист намын ХХ их хурал нь тус орны улс төрийн амьдралын гол үйл явдал юм. Их хуралд намын 97 сая шахам гишүүний эрх ашгийг төлөөлсөн 2300 гаруй төлөөлөгч оролцож байна. Их хурлын дараа тус хурлаас сонгогдох Төв Хорооны анхдугаар бүгд хурал болж, ирэх таван жилд улс орноо удирдах нам төрийн шинэ удирдлагуудыг сонгох юм.

Хятад улс Тайванийн тусгаар тогтнолын эсрэг тууштай зогсох болно

   Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Си Зиньпин ХК-ын ХХ их хуралд тавьсан илтгэлдээ Хятад улс Тайванийн тусгаар тогтнох гэсэн ямар ч оролдлогын эсрэг тууштай зогсч, арал дээрх салан тусгаарлах үзлийг шийдвэртэй эсэргүүцэх болно гэсэн байна. Тайваньд бий болоод байгаа салан тусгаарлах үзэл болон, сүүлийн үед энэ газар нутгийг Хятадын эх газраас тусгаарлах гэсэн энэ хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа элдэв оролцоонд хариу барина гэдгээ Си Зиньпин онцолжээ. БНХАУ үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэлд тэсвэр хатуужилтай, тууштай байдлаа харууллаа гэж Хятадын удирдагч онцлон тэмдэглэлээ. БНХАУ-ын дарга Тайванийн асуудлыг энхийн замаар зохицуулахад чиглэсэн Хятадын удирдагчдын чин хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтын талаар хэлсэн ч асуудлыг хүчээр шийдвэрлэхээ үгүйсгэсэнгүй. “Үндэсний эв нэгдэл” гарцаагүй болно гэж Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга их хурлынхаа индэр дээрээс мэдэгдсэн байна.