Өмнөд Африкт архи худалдаалахыг хориглосноор юу тохиолдсон бэ

Дэлхийн мэдээ

Өмнөд Африк улсад хөл хорио тогтоохтой зэрэгцээд согтууруулах ундаа худалдаалахыг хориглосноор гэмтлийн эмнэлэг  хоосорч, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид дампуурч, улс төрийн үл ойлголцол бий болж, ханборгоцойд дурлагсад нэмэгдсэн талаар Йоханнесбург хотод ажилладаг  ВВС агентлагийн сэтгүүлч Эндрю Хардинг дамжуулжээ.

Гол санаа нь тун энгийн байв. Бүхий л төрлийн согтууруулах ундааг хоригло, тэгвэл согтуу хүмүүс хоорондоо зодолдохоо больж, гэр бүлийн хүчирхийлэл буурч, согтуу жолооч байхгүй болж, Өмнөд Африкт түгээмэл харагддаг согтуучууд цөөрнө гэж үзжээ. 

ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ 75 ХУВИАР БУУРЧЭЭ

Цагдаагийнхан, социологич, эмч нар хүмүүс эмнэлэгт хүргэгддэг шалтгааны 40 хувьд нь согтууруулах ундаа буруутай гэсэн дүгнэлт гаргасан байна.  Энгийн үед Өмнөд Африкт долоо хоногт дунджаар 34 мянган өвчтөн гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтдэг гэнэ. Харин гуравдугаар сарын эхээр хөл хорио тогтоосноор энэ тоо 75 хувиар буурч, 12 мянга болжээ.

“Мэдэгдэхүйц үр дүн харагдаж байна” хэмээн профессор Чарльз Перри хэлсэн байна. Согтууруулах ундааны худалдаанд хориг тавьснаар эмнэлэгт хэвтэх гэмтэлтэй хүмүүсийн тоо буурсан эсэхэд тэрбээр ӨАБНУ-ын Анагаахын судалгааны зөвлөлийн хүсэлтээр судалгаа хийжээ. “Хэрвээ бид согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрээ цуцалбал долоо хоног тутамд гэмтэлтэй өвчтөний тоо 5 мянгаар нэмэгдэнэ” хэмээн профессор дүгнэжээ.

Ингэснээр одоо хяналтанд аваад байгаа халдварын тархалт геометрийн прогрессоор өсөх магадлалтай гэдгийг Засгийн газрын зөвлөхүүд  нь хэлж байгаа аж.

Эмч нар эрх баригчдад хуурай хуулиа цуцлахгүй байхыг зөвлөсөн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэснээр дархлааны тогтолцоог сулруулж, улмаар амьсгалын замын өвчний үед хүндрэл бий болгох магадлалтай гэж үзжээ. 
“Архи уудаг хүмүүс Сovid-19-ийг хүнд тусах магадлалтай, харин Өмнөд Африкт хүмүүс ихэнх нь архинд живсэн. Согтууруулах ундаа худалдаалснаар вирусийг орон нутгаар нь тараах /хүмүүс олноороо нийлж уудаг учраас/ болно. Эмэгтэйчүүд хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл ч нэмэгдэж байна” хэмээн Перри хэлсэн байна.

Хорио цээрийн дэглэм тогтоож эхэлснээс хойш таван долоо хоног өнгөрсөн ба урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хөл хорионы хугацаа дуусах төлөвлөгөөтэй аж.

Хэрвээ хөл хориог цааш үргэлжлүүлбэл юу болох вэ?

Хуурай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа албан тушаалтнууд хууль зөрчигчдөд хатуухан, тэр ч бүү хэл хууль зөрчсөн шийтгэл ногдуулж байгаа аж. Тухайлбал, гэрийнхээ гадаа ууж байсан хүнийг үхтэл нь зодсон хэрэг олны шүүмжлэлд өртжээ. 

Цагдаагийнхан эргүүл хийж байх үеэрЦагдаагийнхан эргүүл хийж байх үеэр

Хуурай хуулийн талаар эрс ширүүн үг хэлдгээрээ алдартай Цагдаагийн сайд Беки Селе “согтууруулах ундаа зарж байгаа дэд бүтцийг устгах” тухай ч хэлсэн байна. “Хууль зөрчсөн хүнд хүч хэрэглэж буй цагдаагийнхныг өндөр албан тушаалтай улс төрч хүн өөгшүүлж байгааг харах маш эмгэнэлтэй байна” хэмээн Аюулгүй байдлын асуудлыг судлах институтийн  шинжээч Гарет Ньюхэм хэлсэн байна. 

ХӨЛ ХОРИО ҮРГЭЛЖИЛБЭЛ БИД ДАМПУУРНА

Эхэндээ согтууруулах ундааны салбарын төлөөлөгчид шинэ хууль батлагдах үед шүүхэд "Үндсэн хууль зөрчиж байна" хэмээн гомдол гаргасан ч дараа нь гомдлоо буцаан авчээ.  Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн ихэнх нь коронавирустэй тэмцэх нийтийн хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч байгаа ч нэг дор олон компани хохирол амсаж байна гэж үзэх хүмүүс ч энэ салбарт байгаа аж. 

“Энэ бүхэн эрүүл бус харагдаж байна” хэмээн тус улсын шар айргийн үйлдвэрийн анхны хар арьст эмэгтэй эзэн Нхусани-Мавела хэлсэн байна. Хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгавал түүний жижиг бизнес дампуурна гэдгээс тэрбээр ихээхэн эмээж байгаагаа илэрхийлж “Хуурай хуулийг цуцлах шалтгаан ойлгомжтой шүү дээ. Олон хүн ажилгүй болж стрессээ тайлахын тулд архинд орно” гэв. 

Эрх баригчид согтууруулах ундааг хязгаартайгаар борлуулахыг зөвшөөрөх гэх мэт илүү ухаалаг бодлого барих нь бизнесийг дампуурахаас сэргийлнэ гэж тэрбээр хэлсэн байна.

ШАР АЙРГИЙГ ГЭРТЭЭ ХИЙЖ БАЙНА

Хуурай хууль хэрэгжиж эхэлснээр Өмнөд Африкт арьс өнгөний үзлийг /тус улсад 1994 он хүртэл арьс өнгөний үзэл байсан/ сөхөж гаргаж ирсэн байна. Энд хар арьстнууд олон нийтийн газар согтууруулах ундаа уух хориотой байсан ба зарим ажилчид нь цалингийн урамшуулалд архи авдаг байсан саяхны дурсамжийг сэргээжээ. 

Тус улсын сөрөг хүчин “Ардчилсан альянс” намаас иргэдийг өдөр бүр хязгаартай цагаар согтууруулах ундаа худалдаж авах боломжоор хангах хэрэгтэй гэж үзэж буй. Харин “Эдийн засгийн эрх чөлөөний төлөөх тэмцэгчид” намаас “Ардчилсан альянс” намын энэхүү саналыг “расист санал” хэмээн нэрлэжээ. Энэ мэт улс төрийн орчинд ч үл ойлголцол бий болж буй.

Өмнөд Африкт хэрэгжиж байгаа хуурай хуулийг 1920-1933 онд АНУ-д мөрдөж байсан хуурай хуультай зүйрлэсэн байна. Учир нь тухайн үед нууцаар согтууруулах ундаа худалдаалах гэмт бүлэглэлүүд ихэссэн бөгөөд Өмнөд Африкт ч гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд дэлгэрэх магадлалтай гэж үзсэн байна. Хөл хорио үргэлжлэх тусам нууцаар үйлдвэрлэх нь нэмэгдэж, татварын алдагдал нэмэгдэнэ хэмээн шинжээч Гарет Ньюхэм хэлжээ. 

Одоогоор хөдөө тосгодоор ихэвчлэн харагддаг байсан гэртээ шар айраг хийх туршлагыг хотын оршин суугчид нэвтрүүлээд байгаа аж. Нийгмийн сүлжээгээр ханборгоцойгоор шар айраг хийх болон эрдэнэ шиш, сорго ургамлаар умкомботи хэмээх уламжлалт шар айраг хийх заавар бүхий бичлэгүүдийг хэрэглэгчид бие биедээ ихээр түгээх болжээ. Мэдээж зааврын бус аргаар хийвэл эрүүл мэндэд хортой гэдгийг анхааруулсаар байгаа юм.