У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны 60 гишүүн “Элит” ресторанд хооллож байгаад хордсон уу

Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг МАН дахь Зүүний хүчний холбоо өнгөрсөн баасан гаригт /2020.08.28/ 13 жилийн ойгоо сүр дуулиантай, тансаг тэмдэглэв. Тэд Тусгаар тогтнолын ордонд баярын хурлаа хийсэн бөгөөд тус арга хэмжээг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлжээ. Ололт, амжилтаа дүгнэн цаашдын үйл ажиллагаагаа хальт төлөвлөсөн тэд үргэлжлүүлэн орой нь “Элит” ресторанд “шоудсан” байна. Харамсалтай нь 60 хүн хоолны хордлого авч ХӨСҮТ-д хүргэгдсэнээс 14 нь хэвтэн эмчлүүлсэн байгаа юм. Тус 14 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэрч Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь харьцангуй тогтворжсон гэж эх сурвалж мэдээлж  байна.

Мөн хоолны хордлого авсан хүмүүсийн тоо нэмэгдэж 60 хол давсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Зүүний хүчний холбоо нь МАН дахь нэгэн фракц бөгөөд 2007 онд үүсгэн байгуулагдэж энэ оныхоо наймдугаар сарын 29-ны өдөр анхны хурлаа хийж байсан түүхтэй. 21 аймаг, есөн дүүрэг, 360 гаруй суманд салбартай тус томоохон холбооны анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх томилогдож байсан бөгөөд одоо ч хэвээр байгаа нь энэ юм. Тэгэхээр тус хүлээн авалтад аймаг, сумдаас ирсэн төлөөлөгч нар оролцсон байх магадлал маш өндөр.

Харин тэдний хооллосон “Элит” рестораны хувьд төрийн өндөр дээд хэмжээний хүлээн авалт болон бусад арга хэмжээг зохион байгуулдаг Засгийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулдаг юм.

Төр, Засгийн арга хэмжээ, хүлээн авалт, баяр ёслолыг олон жил амжилттай зохион байгуулсан туршлагатай “Элит” ресторанд хооллосон хүмүүс хордлого авсан нь олны анхаарлыг татаж буй бөгөөд чухам үүнийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Хамгийн гол нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг буулгаагүй коронавирусээс урьдчилан сэргийлж буй энэ үе тэд олноор цуглан найр, наадам нь хийсэн нь шүүмжлэл дагуулж байна.