Америк даяар арьсны үзлийн эсрэг жагсч эхэллээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Висконсин  мужийн Кеноше хотод жагсаал эмх замбараагүй байдал гарах үеэр цагдаагийн ажилтнууд  өнгөт арьстан Жейкоб Блейкийн нуруу руу хэд хэдэн удаа буудаж шархдуулсан нь америк даяар арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөнийг дахин сэдрээлээ. Кенош хотод олон нийт гудамжинд гарч жагссан урчаас есдүгээр сарын нэгэн хүртэл онц байдал тогтоон Үндэсний гвардийн дайчдыг илгээгээд байна. Хууль сахиулагчид жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглан 56 хүнийг саатуулжээ.

Өнгөрсөн баасан гарагт Вашингтон хотноо АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольнийн дурсгалын цогцолборын дэргэд өнгөт арьстнуудын эрхийг хамгаалагч, Нобелийн шагналтан Мартин Лютер Кингийн эхлүүлсэн маршийн 57 жилийн ойд зориулсан өргөн олны жагсаал болж мянга мянган хүн оролцжээ. Дөрвөлжин цөөрмийн тал талд цугларсан олонд эхлээд Лютер Кингийн хэлсэн үгийг  сонсгосон байна. Өнгөрөгч тавдугаар сард Миннеаполис хотноо өнгөт арьстан Жорж Флойдыг саатуулах үедээ цагдаагийн ажилтан хүзүүн дээр нь өвдөглөж амьсгалыг нь боогдуулсны улмаас амь алдсаны дурсгалыг хүндэтгэж эсэргүүцлийн жагсаалыг “Миний хүзүүн дээрээс өвдгөө ав” уриан дор зохион байгуулжээ.

Баасан гарагт ийм жагсаал нийслэл Вашингтоны өөр өөр газруудад ч бас болсон байна. АНУ-ын Хуульзүйн яамны үүдэнд гэхэд л 200 гаруй хүн цуглаж эсэргүүцлээ илэрхийсэн байна. Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд оролцсон жагсагчид өнгөт арьстнуудын эсрэг хүч хэрэглэж амь насыг нь хөнөөсөн буруутай этгээдүүдийг хариуцлагад татаж шударгаар шүүхийг шаарджээ.

Флойдын амь насыг хөнөөсний дараа америк даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан болж эрх баригчид Вашингтон, Нью-Йорк хотыг оролцуулаад  40 гаруй хотод хөл хорио тогтоож байсан юм.