Цементийн импортын татварыг он дуустал авахгүй

Улс төр

Засгийн газрын хуралдаанаар /2022.09.14/ зарим гол  нэрийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.  Тодруулбал, Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг Сангийн сайд судалж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл цементийн үнийн асуудлыг хэлэлцжээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татвар ногдуулах  Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр болсон. Манай улсад цементийн дөрвөн үйлдвэр байдаг. Гэвч зам, барилгын салбарын өндөр ачаалалтай улирлын үед "Хөтөлийн цемент шохой" үйлдвэр нь засвар хийхээр үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон.   Энэ үед  цементийн хомсдол зах зээлд үүсч, Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй тулгарч байна. Иймд Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах ажлыг хийлээ. Цаашдаа энэ бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Бид гурван зүйлийн тэнцвэрийг маш сайн судалсан.  Дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, эрэлт хэрэгцээнээс зөрүү гарвал импортын бүтээгдэхүүнээр хангах, эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой үнээр зах зээлийг хангах нь бидний зорилго. Үлдсэн хугацаанд Дарханы замын хоёр эгнээтэй  нэг урсгалыг нь  энэ жил бүрэн хатуу хучилттай болгож хөдөлгөөнийг нээх зорилт  тавьсан. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол аравдугаар  сарын сүүлчээр Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг нээнэ. Дараа жил гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр замаа ашиглалтад оруулахаар ажиллана. Энэ жилийн хувьд хөдөлгөөнийг нээхийн тулд ажлыг нь зогсоохгүйгээр цементээр хангах шаардлага үүсч байна. Зах зээл дээр нэг тонн цементийн үнэ 500-600 мянган төгрөгт хүрч өссөн. Тэгвэл цементийн импортын татварыг тэглэснээр энэ   үнийн өсөлт 400 мянган төгрөг болж буурах боломжтой. Одоогоор  "Монцемент", "МАК" компанийн цементийн үйлдвэр ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Ер нь дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүссэн” хэмээв.

Үүнээс гадна “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд   чингэлэг тээврийн талаар мэдээлэл хийлээ.  Тус нийгэмлэгийн   Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан  “Улаанбаатар төмөр зам цар тахлаас өмнө Замын-Үүд өртөөнөөс хоногт чингэлгийн галт тэрэг хоёрыг  хүлээж авдаг байсан. Энэ оны  гуравдугаар сараас эхлэн хоногт 5-6 галт тэрэг буюу 250 -300 чингэлэг хүлээж авч байна. Импортын ачааг түлхүү хүлээж авахын тулд БНХАУ, ОХУ-ын транзит чингэлгийн тээврийг бууруулсан. Цементийн тээврийг Улаанбаатар төмөр замын Өргөн, Олон овоо, Хөтөл өртөөнөөс ачиж, Толгойт, Улаанбаатар  өртөөнд буулгаж байна. Цемент үйлдвэрлэгчдээс  өдөр бүр вагоны захиалга авч, хүссэн хэмжээгээр нь товлосон хугацаанд вагон тавьж өгдөг. Улаанбаатар төмөр зам цементийн тээврийг 24 цагийн турш, тасралтгүй хийж байгаа. Цементийн үнийн өсөлт Улаанбаатар төмөр замын тээврээс шалтгаалаагүй” гэлээ.