Жон Леноны алуурчны өршөөлийн хүсэлтийг 11 дэх удаагаа түдгэлзүүллээ

Дэлхийн мэдээ

1980 онд Жон Леноныг буудаж хөнөөсөн хэрэгтний шоронгоос суллагдах хүсэлт 11 дэх удаагаа няцаагджээ.

Өдгөө 65 настай Марк Дэвид Чапмэн 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Битльз хамтлагийн гишүүн, бие даасан уран бүтээлч Жон Леноныг гэрийнх нь гадаа буудан хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссоноосоо хойш Нью Йорк мужийн баруун бүсийн "Вэнде" засан хүмүүжүүлэх төвд хоригдож байгаа билээ.

Нью-Йорк мужийн баруун бүсийн "Вэнде" засан хүмүүжүүлэх төвийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Чапмэн наймдугаар сарын 19-нд өршөөгдөх хүсэлтээ 11 дэх удаагаа гаргасныг ийнхүү түдгэлзүүлсэн байна. Чапмэнд өршөөл хүсэх эрх 2000 онд үүссэн бөгөөд түүнээс хойш тэрбээр нэг ч боломжийг алгасалгүй 11 дэх удаагаа өршөөлийн хүсэлт гаргасан нь энэ юм. Түүний өмнөх хүсэлт 2018 оны наймдугаар сард буцаагдаж байсан бол дараагийн хүсэлт гаргах эрх нь 2022 оны наймдугаар сард үүсэх юм.

Чапмэн өршөөл хүсэх бүрдээ нэр алдарт хүрэхийн тулд буруу замыг сонгосондоо гэмшиж, жил ирэх тусам ичиж байгаагаа илэрхийлдэг ч хуулийнхны зүгээс түүнийг ердөө алдартай болохын тулд хүний амь хөнөөсөн нь нийгэмд хэтэрхий аюултай, шоронгоос гарвал өөрийг нь хөнөөхөөр хүлээж буй хүмүүс олон бий гэх зэрэг шалтгаанаар үргэлж түдгэлзүүлдэг аж. Мөн түүнээс гадна Чапмэний өршөөл хүсэх боломжтой өдөр болоход Жон Леноны шүтэн бишрэгчид амиа алдсан газрынх нь ойролцоо цугларч, түүнийг өршөөхгүй байхыг уриалдаг байна.

Эх сурвалж: CNN.COM