“Хөгжмийг хүн бүрд” гэрэл зургийн үзэсгэлэн гарав

Соёл урлаг, Спорт

Монголын театрын музейд энэ сарын 16-нд Симфони найрал хөгжмийн 65 жилийн ойд зориулсан Улсын филармонийн түүхийг өгүүлэх “Хөгжмийг хүн бүрд” гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа. Тус үзэсгэлэнд Симфони найрал хөгжимд ажиллаж байсан дарга нар, ахмадууд, уран бүтээлчид, удирдаачдын төлөөллүүд хүрэлцэн иржээ.

Баянмонгол чуулга, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжмийг эгнээндээ багтаасан Улсын филармонийн ажилтан, албан хаагч, уран бүтээлчдийн түүхэн гэрэл зургуудыг тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлэв. Театрын музейн үзмэрүүдээс онцолбол Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хуучир хөгжим болон түүний хүү Улсын филармонийн ерөнхий удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаярын удирдан дохиж байсан дохиур байв. Энэхүү үзэсгэлэн долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хөгжмийн урлаг сонирхдог хүн бүрд нээлттэй аж.