Гаагын олон улсын шүүх Украин дахь цэргийн гэмт хэргийг мөрдөж байна

Дэлхийн мэдээ

Анастасия Сорока, Ольга Просвирова

Би-би-си

Украинд оросын цэргийнхний үйлдсэн байж болох 16 мянга гаруй эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа ч эдний тун багахан хэсэг нь Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд хүрчээ. Гэхдээ энэ хэргийг дээд түвшинд мөрдөн шалгахад Олон улсын эрүүгийн шүүхийн хязгаарлагдмал боломж, санхүүгийн бэрхшээл садаа болж байгаа гэнэ. Гэлээ ч шүүх цэргийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа  оросын өндөр албан тушаалтнуудыг олохыг оролдож байна. Энд магадгүй Владимир Путин ч орж мэдэх юм.

Украин гэмт  хэргийн талбар

Оросын өндөр албаныхан өөрийн армиа Украины цэргийн байгууламжид оновчтой цохилт өгч байгаа гэсээр байгаа ч   иргэний байгууламжуудыг буудаж бөмбөгдөн  сүйтгэсээр байна. Өнгөрсөн гурван сар гаруй хугацаанд Украины бүхий л нутагт эвдэрч сүйдсэн орон сууц, эмнэлэг, хөшөө дурсгал, сургууль, цагдаагийн хэсэг, ус дамжуулах станц, эрчим хүчний систем хаа сайгүй. Цэргийн гэмт хэргийн хамгийн аймшигтай нь энгийн ард иргэдийг бөөнөөр нь хядсан явдал гэж Олон улсын шүүх үзэж байна.

Украины болон олон улсын мөрдөн байцаагчид одоо Буче, бусад хотуудад ажиллаж байна. Оросын цэргийн командлал үүнд украины талыг  буруутгадаг ч хиймэл дагуулаас авсан зураг огт өөр, Бучад гэхэд л оросын цэргийнхний хяналтад байсан бүсэд энгийн иргэдийн цогцос байгааг харуулж байна. Дөрөвдүгээр сарын дундуур Бучад очсон Олон улсын эрүүгийн шүүхийг прокурор Карим Хан Украины бүхий л нутаг гэмт хэргийн талбар болжээ гэж мэдэгдэж  байлаа. Ирэх  долдугаар сард 20 жилийн ойгоо тэмдэглэх Олон улсын эрүүгийн шүүх хүн төрөлхтний эсрэг хамгийн ноцтой гэмт хэрэг,  хоморголон устгах, цэргийн гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэрэгтэй тулгараад байна. Олон  улсын эрүүгийн шүүхийн 42 орон прокурор Ханд хандаж Украинд үйлдэж байгаа цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгах хүсэлт гаргасан юм байна. Олон улсын эрүүгийн шүүхийн хамгийн хүчтэй “зэвсэг” нь гэмт хэрэгтнийг баривчлах тогтоол гаргах. Энэ тогтоол ямар ч хүнд, төрийн тэргүүнд ч  гэсэн хамаатай, хугацаагүй үйлчилнэ. Ливийн удирдагч асан Муаммар Каддафи, Суданы ерөнхийлөгч асан Омар аль-Баширын талаар тогтоол гаргаж байлаа. “Ийм  гэмт хэрэгт шүүх хойш тавилгүй тэвчээртэй ханддаг. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Хамгийн өндөр тушаалтан, жишээ нь Путин улс төрийн салхи эргэж албан тушаалаа өгөх л юм бол түүнийг шүүхэд шилжүүлж болно. Дэлхийн удирдагчидтай ийм зүйл тохиож байсныг бид мэднэ шүү дээ” гэж Олон  улсын эрүүгийн шүүхийн шинжээч Ханна Гэрий хэлж байна.

Путиныг шүүх үү

ОУЭШ-д хамгийн тодорхой байгаа зүйл бол түрэмгийлэл. Энэ бол аль нэг улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг зэвсэгт хүчин хэрэглэх явдал. Орос улс Украин руу цэргийн хүчээр довтолж зарим нутгийг нь эзэлсэн.

ОУЭШ-ийн нэгдүгээр прокурор Луис Морено Окампо Би-би-си-д өгсөн ярилцлагадаа манай шүүхэд Оросын дээд удирдлагууд, ерөнхийлөгчийг шүүх боломж бий гэсэн байдаг.

“Энэ дайнд Путины үүргийг ОУЭШ мөрдөхийг хүсвэл түүний буруутайг нотлох хэрэгтэй болно. Тодорхой энгийн иргэдийг алж хядах, эмнэлгийг буудах  зэрэгт Путин буруутай юу гэдгийг хэлэх хэцүү, гэхдээ түүнийг үүнд хамаатай гэдгийг батлах ёстой. Ийм нөхцөлд энэ нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болно. Бас сая сая хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн нь мөн л Оросууд Украинд довтолсонтой холбоотой” гэж Морено Окампо хэлжээ. 

НҮБ-ын сүүлийн мэдээгээр украины 4,8 сая хүн дайны хөлөөс зугтаж Европын орнуудад очоод байна. Дотооддоо шилжиж дүрвэсэн хүний тоо найман саяд хүрчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хэрэг үүсгэх боломжтой юу гэж ОУЭШ-ийн өнөөгийн прокурор Карим Ханаас асуухад “Харж л байя, хэрэв зөвхөн түүнд эрүүгийн хариуцлага ногдуулахаар бол бид шаардлагатай арга хэмжээ авна” гэж хариулсан байна.

Олон нийтэд туслах

Оросын цэргийнхний үйлдсэн гэмт хэргийн хэдэн мянган баримтыг Украин шүүхэд өгөөд байгаа ч шүүх үүний зөвхөн нэг хэсгийг нь л авч үзнэ. Олон улсын хүний эрхийн шинжээч Ханна Гэри энд бүх хэргийг авч үзэхгүй, харин хамгийн өндөр албаны цэргийнхэн, албан тушаалтны эсрэг баримт нотолгоо цуглуулна гэсэн байна. Харин ихэнх хэргийг үндэсний шүүх авч үзнэ. Украинд оросын иргэн Вадим Шишмариныг энгийн иргэдийг алсны нь төлөө бүх насаар нь хорих ял оноогоод байх жишээтэй.

Тавдугаар сарын дундуур Нидерландаас Олон улсын шүүхийн мөрдөн байцаагч, шинжээч 42 хүн Украинд хүрч очсон. “Гэхдээ тэд ажлаа эхлээгүй байна. Ажлаа эхлэхэд л бэлтгэж байна” гэж британийн хуульч Уэйн Жордаш хэлжээ. Жордаш өмнө нь Хорватын эсрэг хэргээр Сербид ажиллаж байсан бол одоо украины прокуроруудад цэргийн гэмт хэргийг мөрдөхөд нь тусалж байна. “Тэд маш удаан ажиллана гэж би бодож байна. Энэ л Олон улсын эрүүгийн шүүх, мөрдөн байцаагчдын хэсгийн гол бэрхшээл. Тэдэнтэй  хүнд суртлын олон саад тохионо” гэж Жордаш хэлжээ.

“Энд хангалттай бэрхшээл бий. Хэвлэлүүдээр гарч байгаагаас үзэхэд ОУЭШ олон мөрдөн байцаагчтай ирсэн, бүх хэргийг мөрдчихнө гэж найдаж байна. Энэ бол ийм биш.  Зарим мөрдөн байцаагч нь хэдэн долоо хоногийн хугацаатай л ирсэн. Тэгээд ч ОУЭШ мөрдөн байцаагчдаа энд удаан хугацаагаар байлгах төлөвлөгөө байхгүй. Тэдний хувьд Украины хуульчдад л туслах юм” гэж Жордаш хэлж байна.

Украин, ОУЭШ хоёр бие биеэ орлохгүй, харилцан туслалцана гэж  канадын шинжээч Валери Оостервельд хэлжээ. “Олон улсын шүүх тодорхой газар нутагт, ямар нөхцөлд юу болсныг судалж тийм ч олон биш хэрэг үүсгэнэ гэдгийг би хэлмээр байна. Нөгөө талаар тэд дайралтад өртөж гэмт хэрэг хамгийн их гарсан  районуудаас мэдээлэл цуглуулна.

Тэгээд Гаагад эргэн очиж мэдээллүүддээ дүн шинжилгээ хийгээд баталгаажуулж хэний эсрэг ямар хэрэг үүсгэхээ шийднэ. Энэ бүхний төлөө газар дээр нь байнга байгаад байх хэрэггүй, харин украины эрх баригчидтай холбоотой байж үйл ажиллагаагаа уялдуулна” гэж тэр хэлжээ.

Олон нийтийн сүлжээний мэдээлэл

Украинд үйлдэгдсэн цэргийн гэмт хэргийг мөрдөх нь  өөр бусад цэргийн мөргөлдөөнтэй харьцуулахад украины эрх баригчид олон улсын шүүгчидтэй хамтраад газар дээр нь ажиллах боломжтойгоороо давуу талтай.”Байлдаж байгаа талууд нуун дарагдуулах явдал Палестинд гарч, израилийн Засгийн газар үүнийг мөрдөхөд саад хийхээр оролдож засгийн газрын бус байгууллагыг мэдээлэл, баримт цуглуулахыг хориглох, тухайн газар нутагт  ажиллахыг нь хориглох явдал гардаг” гэж Уэйн Жордаш тайлбарлаж байна.

Өөр бас нэг онцлог нь цэргийн гэмт хэргийн талаар нээлттэй эх сурвалжийн мэдээлэл их байгаа. Энэ бол гэмт хэргийг нүдээр үзсэн хүмүүсийн олон нийтийн сүлжээнд байрлуулсан зураг, дүрс бичлэг, утасны яриа гэсэн үг. Валери Оостервельдийнхээр бол энэ нь нэг талаар мөрдөн шалгах ажилд тустай боловч нөгөө талаар мөрдөн шалгагчид энэ бүхнийг нэмж тодруулан баримтжуулах, шинжээч ажиллах, хөрөнгө мөнгө зарах гээд нөхцөл байдлыг хүндрүүлдэг тал бий гэнэ.

Мөрдөн шалгах ажлыг “бохир” хийхгүй

Энэ бүх мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг зөвхөн прокурор төдийгүй, засгийн газрын бус байгууллагууд, энэ талаар бэлтгэгдсэн олон нийтийн байгууллага хийдэг байна. . Тухайлбал ийм байгууллагын нэг Truth Hounds Украинд 2014 оноос хойш болсон үйл явдлыг Олон улсын эрүүгийн шүүхэд ирүүлж байсан юм.

Truth Hounds-ийн хуульч, Киево-Могилянскийн академийн багш  Дмитрий Ковалягийн ийн хэлснээр бол  эдний шинжээчид нээлттэй эх сурвалжийн ул мөр цуглуулах, украины прокуроруудыг цэргийн гэмт хэргийг мөрдөх ажиллагаанд сургах, хэргийн газрыг үзэж гэрчүүдийг асуух гэсэн гурван чиглэлээр ажилладаг байна. Энэ байгууллагын хуульч, сайн дурын ажилтнууд оросын цэрэг украины нутгаас ухарсан дөрөвдүгээр сарын эхнээс энд ажиллажээ. Одоо тэд Киев, Чернигов, Сумск, Харьков, Николаев мужуудад ажиллаж байгаа гэнэ. Ингээд тэд мэдээллээ Олон улсын эрүүгийн шүүхэд ирүүлдэг байна.

“Бид Оросууд Ромын тунхаглалд заасан цэргийн гэмт хэргийн 80 хувийг Украинд үйлдсэн гэдгийг нотлохыг хүсч байна. Энгийн ард иргэдийг алж хядсан иргэний байгууламжуудыг буудаж ихээхэн хохирол учруулсан, хүрээлэн байгаа орчныг буудаж  хохирол учруулсан. хамгаалагдсан соёлын үнэт өв, шашны байгууламжууд, сургуулийг буудаж сүйтгэсэн. Амьд хүмүүсийг бамбай болгон ашигласан, тамлан тарчлаасан, хүн хулгайлсан, өмч хөрөнгө хулгайлж дээрэмдсэн зэрэг. Харамсалтай нь энэ бүгд үнэхээр болсон, баримтууд байгаа”.

Гэхдээ олон нийтийн төлөөлөл Украин дахь цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгахад бас эрсдэл байна. Сайн дурынханд гэрчүүдээс асуух, гол ул мөрийг хамгаалах зэрэгт туршлага дутаж байна гэж хуульч Уэйн Жордаш ярьж байна.

 Үр дүнгүй тогтолцоо юм уу

Олон улсын эрүүгийн шүүх байгуулагдсан цагаасаа хойш 31 хэрэг мөрдсөний ихэнх нь цэргийн гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байсан. Энэ бүхэнд есөн хүнд ял оноосон бол одоо найм нь ялаа хүлээж байна.

Олон улс орон Олон улсын эрүүгийн шүүхийг үр дүнгүй ажиллаж байна гэдэг. Япон, Герман, Франц, Их Британи ингэж дүгнэдэг. Энэ бүхэн 2008 оны дэлхий дахиныг хамарсан хямралын үеэр ОУЭШ-д нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон ч энэ орнууд ийм зүйлд мөнгө зарахыг хүсээгүй юм. Гэхдээ хүний эрхийг хамгаалагч олон хүн, Human Rights Watch байгууллага зэрэг нь ОУЭШ-ийг  гэмт хэргийг шаардлагатай түвшинд мөрдөх хангалттай санхүүгийн чадваргүй хэцүү байгаа гэдгийг хэлдэг.

Ийм мөрдөх ажиллагааны гол зарчим нь бурууг нотлох beyond reasonable doubt буюу яллах  дүгнэлтээ эргэлзээгүй баримтжуулах явдал. Энэ зарчим нь  цэргийн гэмт хэргийг буруутгах, тухайлбал Владимир Путин “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлэх тушаал өгсөн ч гэсэн, түүнийг газар дээр нь үйлдсэн цэргийн гэмт хэрэгт буруутган яллахад садаа болж байгаа юм. Өөр нэг дутагдалтай зүйл бол олон улс орон Украинд үйлдсэн гэмт хэргийг мөрдөхөд туслахад бэлэн байгаа ч тэдний мэдээлэл нь сайн баримт нотолгоо биш, тэгээд ч эх сурвалжаа нууцлах гээд байдаг байна.

Мөн энэ шүүхийн дүрмээр зөвхөн эчнээгээр ажиллаж эчнээгээр ял оноодог. Буруутныг уг нь саатуулан, мөрдөх ажиллагаанд байлгах ёстой. Гэтэл Оросууд мэдээж өөрийн иргэдээ шүүхэд өгөхгүй. Өөрсдөө бол хилийн чанадад ч баривчилгаа явуулах эрх бүхий цагдаатай байдаг байхад Олон улсын эрүүгийн шүүхэд тийм бүтэц байхгүй.

Шинжээч Валери Оостервельдийн хэлснээр бол Олон улсын эрүүгийн шүүхийн төсөв, санхүүгийн хомсдол нь хамгийн том бэрхшээл болдог байна. ОУЭШ-ийн төсөв 2020 онд 144.67 сая евро байжээ. Энэ тоо жаахан жаахнаар өсч байгаа ч асар удаан гэнэ. Энэ 2022 онд Украины дайнтай холбоотойгоор асар их зардалтай  жил болж байгаа юм байна.

Украин дахь дайн маш аймшигтай үр дагавартай болж байна. Хөрш орнууд нь зэвсэглэж байна. Хэрэв бид улс орноо зэвсэглээд,  асуудлыг зэвсгээр шийдэх гээд байвал бид үр хүүхдүүддээ таатай нийгэм бүтээж үлдээж чадахгүй. Үүний төлөө тэмцэхэд ганц Олон улсын эрүүгийн шүүх хангалтгүй. Бид яаж “айфон 5, 7, 10” бүтээх юм бэ.  Бид энэ тогтолцоогоо яаж сайжруулах юм. Бид үүнийг өнөөдөр огт бодохгүй байна. Олон улсын эрүүгийн шүүх бол эхлэл. Энэ бол айфон 1” гэж Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор асан Луис Морено Окампо хэлж байна.