Сансрын зочид буудал

Дэлхийн мэдээ

Эрдэмтэд сансар огторгуйд хүмүүсийг аялуулах сансрын судалгааны ажлыг дахин эхлүүлжээ. Тодруулбал "Gateway" сангийн мэргэжилтнүүд энгийн иргэдийг сансарт аялахад зориулан дэлхий дээрх зочид буудлуудтай харьцуулахад илүү тохь тухтай зочид буудлыг сансрын орон зайд байгуулахаар төлөвлөж байна. Цэнхэр дэлхийгээ алган дээрээ тавьсан мэт дэргэдээс харна гэдэг мөрөөдөл төдий зүйл байхаа болох уу үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал болжээ.

Орчин үеийн пуужингийн технологийг үндэслэгч "Werner von Braun" компаниас "Von Braun" хэмээх  400 хүний багтаамжтай анхны сансрын зочид буудлын загварыг танилцуулсан юм.

Сансар огторгуйд байрлах тус зочид буудал нь одоогийн олон улсын сансрын станцуудын технологиор хийгдэх боловч аялагчдын тав тухтай байдлыг хангах үүднээс тойрог замд илүү аюулгүй, удаан аялах бололцоог бүрдүүлэх зорилгоор хиймэл таталцлын хүчийг шийдэж өгөх гэнэ.

Хиймэл таталцлын хүчний асуудлыг шийдвэрлэснээрээ олон улсын сансрын станцуудад тулгарч буй олон бэрхшээлийг арилгах боломжтой юм.

Бэлэн болоод байгаа зураг төслөөр бол уг сансрын зочид буудал нь 190 метрийн диаметртэй бөгөөд эргэлдэх үедээ сартай харьцуулахуйц таталцлын хүч үүсгэх ажээ. Түүнчлэн энэхүү байгууламж нь бие даасан 24 хэсгээр тоноглогдох ба үүнд зочид буудлын өрөө, зоогийн газар, концерт лекцийн танхим зэрэг багтана.

Аялагчид ердийн ариун цэврийн өрөө ашиглахаас гадна дахин боловсруулсан усанд шүршүүрт орж, энгийн ресторанд хооллох боломжтой.

Энэхүү зочид буудлыг 2025 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжид долоон хоногт 100 хүртэлх аялагчийг авч явах төлөвлөгөөтэй байна.

Одоогоор "Von Braun" сансрын зочид буудал нь нийт 400 хүнийг хүлээн авах хүчин чадалтайгаар төлөвлөгдөж байгаа бол 2030 он гэхэд 1400 хүнийг сансарт хүлээн авах боломж бүхий сансарт байрлах аялал жуулчлалын томоохон цогцолбор болох гэнэ.