Ренхап: БНАСАУ-ын туршилтын хариуд Өмнөд Солонгос, АНУ пуужин харвалаа

Дэлхийн мэдээ

БНАСАУ, Япон тэнгисийн зүг найман пуужин харваж туршсаны хариуд Өмнөд Солонгос, АНУ пуужин харвалаа гэж мэдээллийн Ренхап агентлаг Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооны эх сурвалжаас аван мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар бол хоёр улс  хамтраад найман пуужин харвасан байна.

Умард Солонгос ойрын тусгалтай найман баллистик пуужинг Япон тэнгисийн зүг хоёр байрлалаас харвасан тухай Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо үүний өмнө мэдээлсэн юм.

Японы Батлан хамгаалах яамны баталж байгаагаар бол Умард Солонгосын пуужингууд 50-100 км-ийн өндөр хөөрч, 300-400 км зайд ниссэн гэнэ.

Харин Өмнөд Солонгосын цэргийнхэн болохоор умардын пуужин 3-6 Мах буюу  цагт 3672-7344 км-ийн хурдтайгаар  25-90 км-ийн өндөр хөөрч 110-670 зай туулсан гэжээ.