Барилгад ашиглаж байсан краны суурь хагарч унах аюултай болсон тул оролцоох иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Эрэн сурвалжлах

Барилгын ажил явагдаж буй энэ үед хөдөлмөрийн болоод техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол ихээр гарч байгааг МХЕГ-аас анхаарууллаа. Өнгөрсөн сард нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Тус осол бүрэн бус техник хэрэгсэл ашиглаж байснаас гарсан гэсэн дүгнэлт хийсэн.

Харин өчигдөр /2022.05.17/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах эрсдэл үүсчээ. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын алба шуурхай ажиллаж, эрсдэлд ороод байсан зэргэлдээх байрны оршин суугчдыг түр нүүлгэсэн байна.

Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөр суурийн краны хугарсан хэсэг унах гэж байгаа.

Тиймээс тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг түр нүүлгэн шилжүүлж, краны хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажиллаж байна. Барилгын ойролцоох 60 метрийн тойрогт Цагдаагийн байгууллага хамгаалалтад авсан бөгөөд иргэдийн өмчид хохирол учруулахгүй ажиллахыг алба хаагчид хичээж байгаа гэсэн юм. Хугарсан краныг буулгах ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд болон бусад алба хаагчид ажиллаж байгаа аж.

МХЕГ-аас асуухад орон сууцны барилгын ажлын үед аюулгүй байдал хангаагүйгээс осол их гардаг. Тус үүсээд буй нөхцөл байдлын талаар аврах ажиллагаа дууссаны дараа дүгнэлт гарна. Цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрч байна. Аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй гэв.

"