Улаанбаатараас Ховд аймаг руу зорчиж явсан автобус онхолдсон ноцтой осол өнөөдөр /2022.04.27/гарлаа. Ослын дуудлага өглөөний 05:00 цагт Баянхонгор аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Тодруулбал, тус аймгийн Бууцагаан сумын Наран багийн Цагаан гол гэх газарт осол болж, нэг хүн амь насаа алдсан байна.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус замын хажуу руу унасан байжээ.
Алба хаагчид талийгаачийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тухайн үед 21 хүн зорчиж явсан аж.
Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэлээс тодруулахад “Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 145 километрийн зайд осол гарсан. Улаанбаатар хотоос энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны 12:00 цагт гарч, Ховд аймгийн Хөшөөтийн уурхай луу зорчиж явсан “Мега сервес” ХК-ны ажилчдын 43 хүний суудалтай автобус замын хажуу руу унасан тухай дуудлага өглөө 05:00 цагт Бууцагаан сумын Онцгой байдлын газарт ирсэн. Энэ дагуу манай аврах ангийн бүрэлдэхүүн газар дээр нь очиход автобус замын хажуу унасан, хүмүүс шоконд орсон байсан. Зарим нь автобуснаасаа гарч чадсан байсан.
Ослын улмаас нэг хүн амь насаа алдсаныг эмнэлэг, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бол 12 хүн гэмтсэн. Тэдний 5 нь нэн хүнд, 7 нь хүндэвтэр байгаа юм. Аймгийн төвөөс мэргэжлийн эмч нар ирж, автобусанд зорчиж явсан хүмүүсийг Бууцагаан сумын төвд хүргүүлсэн.
“Мега сервес” ХК-иас Улаанбаатар хот руу нисэх онгоц захиалсан. Одоогоор аймгийн эрүүл мэндийн төвөөс гэмтсэн хүмүүсээ биеийн байдлаар нь ангилж, Улаанбаатар хот руу хүргүүлж эмчилгээ хийлгэхээр ажиллаж байна” гэлээ.
Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг мэдээлэх боломжгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Одоогоор цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
1 Сэтгэгдэл
tadalafil 10mg pills <a href="https://ordergnonline.com/">order generic tadalafil 20mg</a> new ed pills