Санхүүгийн залилагчид Skype-ийг ашиглах болжээ

Эрэн сурвалжлах

Сүүлийн үед Skype программыг ашиглан санхүүгийн залилан хийх нь нэмэгдэж байгааг Оросын хэд хэдэн банк хэрэглэгчдэдээ анхааруулжээ. Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосноос хойш гэртээ байгаа иргэд Skype программыг ашиглан хоорондоо харилцах нь ихэссэн нь залилагчдад боломж олгож байна хэмээн санхүүгийн луйврын шинжээчид дүгнэв. Зарим мэдээллээр энэ программыг ашиглагчдын тоо Орост хоёр дахин нэмэгдсэн байна.

МКБ банкны сануулснаар залилагчид Skype мессенжерийг ашиглан хэрэглэгчийг залилж, картны дугаарыг нь авч, банкны данснаас нь онлайнаар мөнгө луйвардах болов. Ингэхдээ ихэвчлэн хуурамч хаягийг үүсгэдэг байна. Энэ хаяг нь төрийн эрх бүхий байгууллага эсвэл банкны хаяг мэт харагдахаар байдаг бөгөөд жирийн хэрэглэгч хаягийг үүсгэсэн түүхийг судалж хяналгүй хариу үйлдэл үзүүлснээр залилуулах нөхцөл бүрдэж байна хэмээн МКБ банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын дэд дарга Илья Сулоев хэллээ.

Росбанкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Михаил Ивановын анхааруулснаар ямар нэг төлбөр, торгуулиа төлөхийг шаардсан мессэжийг явуулж залилах тохиолдол Skype болон Zoom программ хэрэглэгчдэд гарч байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ