Монгол Улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг гэжээ

Нийгэм, Эдийн засаг

Өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр тэрбээр COVID-19 шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор Оросын Холбооны Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхтухай гэрчилгээг Монгол Улсын төр засгийн болон ахан дүүс ард түмний нэрийн өмнөөс гардуулсан юм.

Эрх баригчдын шийдвэрийн дагуу ОХУ руу 72 сая рублийн үнэтэй мах, махан бүтээгдэхүүн илгээхээр болсон бөгөөд Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд гүн талархал илэрхийлжээ.

Өмнө нь УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд Искандер Азизовыг хүлээн авч уулзах үеэрээ ОХУ-ын ард иргэдэд нэг сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүний тусламж үзүүлэх болсноо мэдэгдэж, "Бидний энэ бяцхан тусламж ОХУ-ын коронавирустэй хийж байгаа тэмцэлд бага ч гэсэн тус дэм болно гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн удаатай.

Энэ мэдээллийг Оросын зарим иргэд Ерөнхийлөгч Путины эсрэг ашиглаж байгаа аж.

"Марина Голчанова" гэх жиргээч “Монгол Улс нэг сая долларын өртөг бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д хүмүүнлэгийн тусламжаар илгээнэ гэнэ. Мэргэн Путины захирсан Аугаа Орос улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгээс хүмүүнлэгийн тусламж хүлээн авч байгаа нь үнэхээр гайхалтай. Удалгүй Хойд Солонгосоос сорго, Угандагаас лаазалсан гөрөөсний тусламж авахыг хүлээж байна” хэмээн жиргэжээ.

Мөн ОХУ-ын сэтгүүлч, блоггер Светлана Герасимов “Монгол Улс хүмүүнлэгийн тусламжаар сая долларын үнэтэй мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д илгээхээр болжээ. Бид ямар өөр соёл иргэншилтэй болохыг та бодоод үз. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Монгол Улс Агуу Их Орос улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна” гэж хэлснийг эх сурвалж мэдээлэв.