Г.Баасан: Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилох нь дээд төвшний авлигыг ямар ч хяналтгүй болгосон үйлдэл

Улс төр

Т.Жанцан

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог боллоо. Энэ асуудалд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл ямар байр суурьтай байна вэ?

-Авлигатай тэмцэх газар арван жилийн хугацаанд /2007-2017/ 80 хэрэг л шийдсэн. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч гарч ирснээс хойш 2018-2020 онд 226 хэрэг шийдээд байна. Энэ нь Авлигатай тэмцэх газар ажлаа хийж эхэлсний илэрхийлэл. Төрийн эрх барьж буй хүмүүс, гүйцэтгэх эрх мэдэлтнүүд авлигад өртдөг. Тэнд татвар төлөгчдийн мөнгө, албан тушаалын бүх томилгоо байдаг. Ийм учраас Авлигатай тэмцэх газрын даргыг хөндлөнгөөс Ерөнхийлөгчөөр томилуулахгүй гэсэн санаагаар хуульд өөрчлөлт орууллаа. Тэгэхдээ он солигдохын өмнөхөн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр иргэдийг бялуугаа авах гээд бужигнаж байхад баталчихсан. Хуулийн энэ өөрчлөлтийг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл эрс эсэргүүцэж байна. Ерөнхий сайд хэн байх нь сонин биш. Хамгийн гол нь Ерөнхий сайд Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийг атгадаг. Засаг захиргааны нэгжийн удирдлагуудыг томилдог. Тэгээд танхимынхаа сайдууд, 30 гаруй агентлагийн дарга нар буюу татвар, цагдаа, мэргэжлийн хяналтын удирдлагуудыг бас томилно. Эдгээрээс гадна “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, МИАТ гээд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 200 гаруй аж ахуйн нэгж бий. Ийм олон албан тушаалтныг Ерөнхий сайд л томилж байна. Дээрээс нь ард түмний татвараар цугласан төсвийг захиран зарцуулдаг. Энэ бол маш том эрх ашиг. Гэтэл ийм эрх мэдэлтэй хүн Авлигатай тэмцэх газрын даргыг томилно гэдэг нь маш буруу. Нэг гараараа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдох магадлалтай хүмүүсийг томилоод, нөгөө гараараа тэднийг шалгах боломжгүй юм. Энэ нь Олон улсын авлигын эсрэг Конвенцийн 36-р зүйлд заасан нөлөөнд автахгүй, хараат бус ажиллана гэсэн заалтаас ухарсан үйлдэл.

-Тэгвэл эрх баригч МАН-ын олонхиороо түрий барьж шийдсэн энэ асуудлыг засах гарц байна уу?

-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс Олон улсын авлигын эсрэг Конвенцийг зөрчлөө гэж зохих байгууллагад нь зөвлөмж гаргуулахаар хандаад байна. НҮБ-д өгсөн байгаа. “Транспэрэнси-Интернэшнл” гээд олон улсын авлигын асуудлыг шийддэг байгууллага бий. Үүнд мэдэгдсэн. Бас Олон улсын авлигын эсрэг академи гэж байгууллагад хандсан. Үүнээс гадна улс орнуудын Авлигатай тэмцэх газруудын холбооны Ерөнхийлөгчид хандсан байгаа. Нөгөө ЖДҮ, тендер, концесс, 60 тэрбумын будилаан тарьсан гэх гэмт хэргүүдийг төрийн эрх мэдэлтнүүд л үйлддэг. Энэ төрлийн маш олон гэмт хэрэг гарсан. Ард түмэн тэдгээрийг шийдэх болов уу гээд төрийн үйл ажиллагааг хараад сууж байна. Гэтэл тэр албан тушаалд хүмүүсээ томилдог субъект нь Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь УИХ-ын сонгуульд ялсан намын дарга. Ийм учраас бас парламентын олонхийн бүлгийн намын дарга шүү дээ. Ингээд УИХ-ын бодлогыг бас зангидаж байна гэсэн үг. Тэгэхээр эрх ашгийн маш том зөрчил үүсч байгаа юм. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл ийм байр суурьтай байна. Ард түмэн ч бас бидний байр суурийг дэмжиж байгаа. Монголын ард түмэн мэднэ дээ. Манай улсын хуулийн байгууллагын томоохон төлөөлөгч, ХЗДХ-ийн сайдаар олон жил ажилласан, УИХ-ын дарга байсан, УИХ-д олон сонгогдсон Ц.Нямдорж гэж хүн бий. Энэ хүн “Монголд хоёр нам дамжсан том бүлэглэлүүд бий болчихлоо. Эдгээр бүлэглэлд 5000000 ам.доллар зуушийн хэмжээнд очсон” хэлсэн байдаг. Уг мөнгө нь өнөөдрийн ханшаар 14 тэрбум 250 сая төгрөг болно. Тэгвэл ийм их хэмжээний мөнгийг эрх мэдэлтнүүд жирийн зууш гэж харж байхад энгийн иргэн бид яаж амьдрах билээ гэдэг асуудал гарч байгаа юм. Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын төрд улс төрийн хоёр нам л гарч ирсэн. Иймд энэ хоёр намын эрх мэдэлтнүүд авлигад өртсөнийг Монголын ард түмэн харж, ажиглаж байна. Авлигын асуудал ийм ноцтой байхад Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрын даргыг томилох боллоо. Энэ нь дээд түвшиний авлигыг ямар ч хяналтгүй болгосон үйлдэл юм.

-Тэгэхээр Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрын даргыг сонгодог болсноор авлига улам гаарч, хяналтгүй болох юм байна гэж ойлголоо. Энэ асуудлаар танай зөвлөлд ард иргэд хандаж байна уу?

-УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашиг, авлигаа хамгаалсан хууль баталдаг боллоо. Авлига албан тушаалаар алдартай болсон асуудал, хүмүүсээ улам дархалж байна. Улс орон, нийгмийн хөгжил дэвшил, хүн ардын ая тухтай амьдрах нөхцөл шударга ёс, авлигагүй орчноос бүрддэг. Гэтэл дээд түвшний авлигыг хамгаалж байгаа УИХ түүний гишүүд, ард түмний элч төлөөлөгч биш авлигачдын гар хөл болж харагдаад бай­на. УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар тол­гой­луул­сан 13 гишүүн энэ хуулийг санаач­лан УИХ-аар батлууллаа. Сон­гог­чид “УИХ энгийн иргэдийн амьд­ралд хэрэгтэй хууль батлахгүй бай­на. Ард түмний язгуур эрх ашгаас ур­ва­сан, эрх мэдлээ урвуулан ашиглаж ав­лигач­дад таатай нөхцөл бүрдүүлсэн хууль баталлаа. Ард иргэдийн элч тө­лөө­лөгч болж чадахгүй байгаа УИХ-ын 13 гишүүнийг эгүүлэн татах хүсэлтийг уриалж өгөөч” гэж Авлигатай тэмцэх газ­рын Олон нийтийн зөвлөлд хүсэлт гаргасан.

-Авлигын улмаас манай улсад хэдэн төгрөгийн хохирол учраад байна вэ?

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2019 онд мэдээлснээр Монгол Улсад авлигын улмаас нийт 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэрэг илрүүлсэн. Энэ нь зөвхөн Авлигатай тэмцэх газрын шалгаж буй хэргийн дүн мэдээ шүү дээ. Сүүлийн гурван жилд авлигын хэрэг илрүүлэх, учирсан хохирлыг улсад төлүүлэх ажил 11 хувиар өссөн. Энэ нь авлигачдын дургүйцлийг төрүүлж байгаа бололтой. Авлигын эсрэг хуулийн 21-ийн 1-д Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аар батлах заалт байсан. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог.

Мөн бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүн, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дарга, аль нэг улс төрийн намын харьяалалгүй юм. Харин Ерөнхий сайд гэдэг субьект Авлигатай тэмцэх газрын даргыг томилох нь эрх ашгийн зөрчилтэй. Учир нь, Ерөнхий сайдын мэдэлд байдаг байгууллагууд болон улсын төсвийг буруу зүйлд зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг бүх асуудлыг Авлигатай тэмцэх газар хянах үүрэгтэй шүү дээ. Ерөнхий сайд өнөөдөр нэг гараараа томилсон хүмүүстээ төсөв хөрөнгө зарцуулах бүх эрх мэдэл өгчихөөд, нөгөө гараараа тэдний алдаа дутагдлыг хянах ямар ч боломжгүй юм. Ийм учраас Монгол Улс авлигаас ухрах алхам Авлигын эсрэг хуульдаа оруулчихлаа.

-Та бүхний хандсан олон улсын байгууллагууд хариу өгөх, зөвлөмж гаргах зэрэг алхам хийсэн ч УИХ-ын олонхийн бүлэг хүлээж авах болов уу?

-Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн энэ өөрчлөлтөд хориг тавих байх. Учир нь Ерөнхийлөгч өөрийн статусаа хамгаалахаас илүү нийт ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргын хувьд Монгол Улсыг авлигагүй байлгах, шударга ёсоор хөгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой гэж харж байна. Үүнээс гадна олон улсын байгууллагуудаас Монголын төрд олон улсын авлигын эсрэг гэрээ, Конвенцид нэгдсэн үүргээ биелүүлэх зөвлөмж өгөх байх гэж найдаж байгаа. УИХ төрийн эрх барих дээд байгууллага буюу хууль тогтоох үүрэгтэй. Түүний баталсан хууль, тогтоомж нийгэмд шударга ёс бий болгох, иргэдэд таатай байдал бүрдүүлэх учиртай. Түүнээс өөрсдийгөө хамгаалдаг, нэг удаа авраад үлдэх эрх, үүрэг УИХ түүний гишүүдэд байхгүй. Ийм учраас УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж үзэж байгаа бол ухралт болсон хуулийн заалтаа засна гэж найдаад, харж байгаа. Харин энэ алдаагаа засахгүй, иргэдийн татварын мөнгийг хулгай хийдэг хүмүүсээ хамгаалсан хууль баталж байвал ард түмэн дүнгээ тавих нь тодорхой юм.

-Авлигатай тэмцэх газрын дэд даргын суудал эзэнгүй байгаа. Түүнийг томилох асуудлыг хэзээ ярих бол. Ямар хүмүүсийг томилохоор ярьж байна вэ?

-Авлигатай тэмцэх газрын дэд дарга оны өмнө өвчний улмаас нас барсан харамсалтай явдал тохиосон. Тэгээд Засгийн газар Авлигтай тэмцэх газрын дарга нь дэд даргаа томилдог байх хуулийн өөрчлөлт оруулах санал УИХ-д гаргасан юм. Учир нь, Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газар нэгдмэл удирдлагатай байна гэсэн зохицуулалт бий. Иймд уг асуудлыг хөндсөн гэж харж байгаа. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн энэ саналыг Б.Энхбаяр тэргүүтэй 13 гишүүн өлгөн авч, Авлигын эсрэг хууль болон Монголын авлигын асуудлыг үндсээр нь өөрчилсөн хуулийн төсөл боловсруулсан. Ингээд УИХ-д олонхиороо түрий барьж, түүнийгээ баталсан явдал боллоо. Би иргэн хүний хувьд хардах эрх бий. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүнд уул уурхайтай, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэрийн дор Монголын байгалийн баялгийг, нийт ард түмний өмчийг хувьдаа завшиж байгаа олон хүн бий. Ийм учраас өөрсдийн гэмт хэрэг, увайгүй шуналаа хамгаалахын тулд хууль тогтоох эрх мэдлээ ашигласан гэж хардаж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ хуулийг батлахдаа 2020 оны арвахоёрдугаар сарын 31-нд “УИХ бол бага ард түмэн юм” гэж хэлсэн. Үүнд ард иргэд их дургүйцэж байна лээ. Тэгээд “Өнөөдрийн УИХ бага ард түмэн биш. УИХ-ын гишүүний 80 хувь нь хар машины луйвар, мөнгө өгч иргэдийг хууран мэхэлж гарч ирсэн. Ийм тохиолдолд УИХ бага ард түмэн гэж зарлахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байр суурийг орон нутгийн ард иргэд их илэрхийлсэн. Тэгэхээр ард иргэд УИХ-д сонгогдсон гишүүдийн араас үргэлж хяналт тавьдаг. Тэдний үйл хөдлөл, баталж буй хууль, хийж байгаа ажлыг харж үнэлж дүгнэдэг соёлд суралцсан байна. Цаашид иргэд “УИХ-д нийтийн эрх ашиг, улсынхаа төлөө хууль баталдаг хүмүүсийг гаргахгүй бол болохгүй нь гэдгийг олж харжээ” гэж Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл дүгнэж байгаа. Учир нь иргэд манай зөвлөлд бидний дуу хоолойг олон нийтэд хүргээрэй гэж хандсан. Үүнийг нь би дамжуулан илэрхийлж байна.

-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл хэрхэн ажиллаж байна. Энэ онд ямар, ямар ажил хийх төлөвлөгөө гаргаад байгаа вэ?

-Бид энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө урьдчилсан байдлаар боловсруулаад хэлэлцэж байна. Авлигатай тэмцэх нь нэг газар, 6-7 хүний хийх ажил, үүрэг биш. Бүх нийтийн оролцоо их чухал. Авлигатай тэмцэх нь шударга ёс тогтооно гэсэн үг. Хариуцлага байгаа газар шударга ёс бий. Үүний тулд хамтын ажил хамгийн чухал. Ингээд өнгөрсөн 2020 онд манай зөвлөл хамтын хариуцлагатай байдлын талаар түлхүү ажилласан. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ирлээ. Иргэд авлигын асуудлыг газар дээрээс нь шууд мэдээлж байх 110 гэж гаднаас залгахад үнэ, төлбөргүй утас ажиллуулдаг болсон. Энэ утсаар иргэд төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хүнд суртал, авлигын шинжтэй мэдээлэл нэлээд өгч байна. Монгол Улс авлигагүй шударга нийгэм байгуулж, иргэд нь аз жаргалтай амьдарч болно. Манай улс өнөөдөр 3.3 сая хүн амтай. Бидний 20 хувь нь худалч, хулгайч байлаа гэхэд 80 хувь нь яагаад шударга байж болохгүй гэж. Ийм байдлын төлөө бид чармайн ажиллаж байна. Ингээд иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах, ХОМ, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр ажлаа хуваарилан ажиллаж байгаа. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн 2017 онд байгуулагдсан бүрэлдэхүүний ажиллах сүүлчийн он. Иймд энэ жил өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг товхимол болгон гаргана. Мөн англи хэл дээр орчуулж, олон улсын байгууллагуудад хүргүүлэх төлөвлөгөө бий. Бидний өмнө Олон нийтийн зөвлөлийн гурван бүрэлдэхүүн ажилласан байдаг. Тэднийг ард иргэд мэдэлгүй өнгөрсөн. Иймд олон түмний хараа хурц юм гэдгийг илэрхийлэх, хийсэн ажлыг маань дараагийн хүмүүс үргэлжлүүлээсэй, Монгол Улсыг авлигагүй, шударга ёсоор хөгжүүлээсэй гэсэн үүднээс бид тайлангаа тавих юм.

-Авлига мэдээлэл утас ажиллаж эхэлснээс хойш авлигын талаар хичнээн мэдээлэл ирэв. Мэдээлэл бүр үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй шүү дээ?

-Бид ирсэн мэдээллийн дүн тооцоог гаргаж байна. Хүүхдүүд утсаар тоглох, андуурч залгах тохиолдол нэлээд гардаг. Мэдээлэл өгч байгаа хүмүүс голдуу нэрээ нууцлахыг хүсдэг. Учир нь Монгол Улсад авлигыг илчилсэн, шүгэл үлээсэн хүмүүсийг хамгаалдаг хууль эрх орчин алга. Шударга бус асуудлыг илчилсэн хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж байж авлига арилна. Түүнээс биш авлигын гэмт хэрэг илчилсэн хүмүүсээ чангалаад байвал ямар ч үр дүн гарахгүй. Хэн ч золиос болохыг хүсэхгүй шүү дээ. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж “Болохгүй асуудлыг хэлсэн хүнийг чангалдаг. Бурууг нь хэлэхэд засдаг төр манайд алга” гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр төрийн өндөр алба хашиж явсан хүн ингэж хэлсэн нь Монголд шударга ёсны дуу хоолой гаргасан хүнд таатай орчин байхгүй гэдэг нь харагдаж байна. Иймд манай Олон нийтийн зөвлөл авлигын хэргийн гэрч, хохирогчийг хамгаалахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулж байсан. Энэ зарлигийн ач тусаар авлигын хэрэг мэдээлэх 110 утас ажиллах болсон юм. Уг нь манай улсад Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль 2005 онд батлагдсан байдаг. Гэвч энэ хуулийг нийгэмд сурталчлаагүй. Хэдэн хүн шударга ёсыг гэрчилж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэсэн талаар ямар тооцоо судалгаа байхгүй.

-Тэгэхээр Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжээгүй гэсэн үг үү?

-Хэрэгжсэн байж болзошгүй. Гэхдээ явцуу буюу мэдээлэл муутай байсан. Хэрэгжлээ гэхэд бас асуудал бий. Би өөрийгөө авлигыг гэрчилсэн гэж үзье л дээ. Гэтэл намайг гэрч мөн үү, биш үү гэдгийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч тогтооно гэж энэ хуульд заасан. Тэгэхээр манай хуулийн байгууллагууд шинэчлэгдсэн үү, ажиллаж байгаа боловсон хүчин нь ямар вэ гэдэг асуудал бас гарч ирнэ. Тэгэхээр гэрчийг нь үнэхээр тогтоож байна уу эсвэл бусдыг хохироосон хүнийг гэрч гэж хамгаалаад байна уу гэдэг нь нууц болчихоод байгаа юм. Ийм учраас гэрч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг хүн бүрд ойлгомжтой томъёолох ёстой. Өнөөдөр Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль өөрчлөгдөх гээд яригдаж байна. Үүнд ард иргэд анхааралтай хандах хэрэгтэй.

-Авлигын хэргийг илчилсэн, гэрчилсэн, үнэн зөв мэдээлэл өгсөн хүний аюулгүй байдлыг хангахаас гадна тодорхой хэмжээний урамшуулал олгох асуудал олон улсын жишигт байдаг. Манай улсад ийм зүйл бий юу?

-Авлигын хэргийг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал өгдөг болгоё гэсэн асуудал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард яригдаад өнгөрсөн. Одоо чимээгүй болчихож. Уг нь авлигын хэргийг илчилсэн, гэрчилсэн хүнд тодорхой хувийн урамшуулал өгөх ёстой. Учир нь тэр хэрэг нь нийгэмд асар их хохирол учруулсан байдаг. Тэр хүний эр зоригийн хүчинд нийгэмд учрах хор хохирол таслан зогсоосон шүү дээ. Нөгөө талаар нийтийн төлөө хийж буй том үйлс юм.