“Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн томоохон уулзварууд дээр цэргийн зэвсэгт техник байршуулж, зам хаана”

Нийгэм, Эдийн засаг

“COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль”-ийг тавдугаар сарын 6-8-нд хийхээр болсон.

Уг дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран мэдээлэл хийж байна.

 

 

“Тавдугаар сарын 6-нд Улс болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.

Харин 7-нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана.

Уг дадлага сургуульд Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдах бөгөөд иргэд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ажиллах талаарх асуулт их ирж байна. Зарим аж ахуйн нэгж өглөө зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаа 08:00 цагаас өмнө оруулж, 18:00 цагаас хойш гаргах шийдлийг сонгож байхад зарим нь цахимаар ажлаа хийхээр болж байна. Энэ бол тухайн байгууллагын дотооддоо хийх зохион байгуулалт юм.

 

Дүүргийн томоохоэ уулзварууд дээр цэргийн зэвсэгт техник орж ирж, зам хаах тул иргэд сэтгэл санаагаа бэлдэж, тайван байхыг хүсье” гэв.