“Шударга бусын хонгил”-оор өгсч яваа эрхэм

Улс төр

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Увс аймгийн Улаангом сумын харьяат, физикч мэргэжилтэй Норовын Алтанхуяг томилогдож байлаа. Энэ бол 2012 оны наймдугаар сарын 9-ний өдөр. АН-ын даргаар дөрвөн жил ажиллаж, УИХ-ын сонгуульд намаа удирдан орж, хамгийн олон суудал авахуулсны дараа ийн Ерөнхий сайдggj томилогдсон.

МУИС-ийг физикч мэргэж­лээр төгссөн тэрбээр 1996 онд УИХ-ын гишүүн болж улмаар Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2004 онд эвслийн Засгийн газрын Сангийн сайд, 2008-2012 онд Тэргүүн шадар сайдаар ажилласан билээ. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг  өвчний ажлаа өгөхөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэг хоног ажилласан байдаг.

Түүнийг 2012 онд Ерөнхий сайд болсноос нь хоёр жил хоёр сар 27 хоногийн дараа буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар огцруулсан.

Н.Алтанхуяг энэ хугацаанд  Ерөнхий сайдын хувьд “Муу ажиллаагүй” гэж улстөрийн ажиглагчид дүгнэдэг.   

АН-ын түүхэн гавьяа буюу нэр төртэй, мандаж явсан үе нь яах аргагүй Норовын Алтанхуягтай холбоотой.  АН-ын тав дахь даргаар сонгогдсон тэрбээр таван ч удаагийн сонгууль удирдаад ялалтад хүргэсэн гавьяатай. Түүнийг Ерөнхий сайдаас огцорсны дараа АН-ын ҮЗХ хуралдаж намын даргаас нь бас буулгасан.  ҮЗХ-ны энэ хурлаар АН-ын даргын үүргийг өөртөө авсан З.Энхболд энэ гавьяагаар нь бахархдагаа ч нуугаагүй юм даг.

Түүний хувьд хамгийн хүнд үе нь 2012 сонгуулиас хойшхи жилүүд байсан болов уу. Сонгуулиар хамгийн олон суудал авсан АН-ын гарт төрийн эрх шилжсэнээс хойш тус намын олон фракцын үйл ажиллагаа идэвхжиж, төрийн болон улстөрийн албан тушаалуудыг тэнцүү хуваадаг болсон. Энэхүү бялуу хуваах зарчим нь эцэстээ фракцуудын албан тушаалын төлөөх тэмцэл болсон нь эмгэнэл. Үүнтэй зэрэгцэн түүнд гомдогсод, түүний эсрэг хөдлөх хүчнүүд ч бий болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнцүү хуваах зарчим улстөрийн үндсэн гортигоос гарч, фракц хоорондын зодоон маягтай өрнөсөөр өөрийг нь огцруулах шалтаг болсон. Нөгөө талаар намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хамтад нь хашиж байсан тэрбээр зарим асуудлаар хүч түрэмгийлсэн бодлого явуулсан нь ч нөлөөлсөн гэх нь ч бий. Нэг үгээр хэлбэл, хэт эрх мэдэл, бараг нам доторхи намын дайтай болтол дөвийл¬гөсөн олон фракцууд нь эцэстээ хяналтаас нь гарч, албан тушаалуудаа бүрмөсөн өгөхөд хүргэжээ.  Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэн, мөн охиных нь нэртэй холбоотой элдэв асуудал чухамдаа үүнтэй л холбоотой байж мэдэх юм.

АН-д ингэж тэргүүлж явсан мань хүн “Туг ч барьж, тугал ч хариулах”-ын гашууныг мэдэрсэн. Намаасаа хөөгдсөн тэрбээр “Шударга бусын хонгил”-ыг нээж, “хичээл” заах ажилд ханцуй шамлан орсноор олны анхаарал, итгэлийг өөртөө татаж чадсан. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж, эрдэнэтчүүдийн итгэлээр эргэж гишүүн болсон нь түүний хат суусан улстөрч болохыг харуулсан хэрэг ч гэж хэлж болно.

Б.ЦЭРЭН