Б.Наранхүү гишүүн асан 300 мотоциклээ тарааж чадалгүй цагдаа нарт хураалгажээ

Улс төр

2020 оны УИХ-ын сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж ялагдал хүлээсэн Б.Наранхүүг сонгуулийн үеэр 300 мотоцикль тараахаар бэлтгэж байна гэх зураг бүхий мэдээлэл сурталчилгааны хугацаанд цахим орчинд тарсан. Тодруулбал, Дундговь аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны байрны өмнө камаз машинд ачсан мотоциклийг буулгаж буй зураг тарж байв. 

Тухайн үед бид УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгээс энэ талаар тодруулахад “Миний мотоцикль бишээ. Би судлуулсан. Хамгаалалтын шугамаар ирсэн мотоцикль гэсэн” гэх хариултыг өгч байсан юм. 

Тэгвэл тэрбээр дээрх мотоциклийг иргэдэд өгч чадалгүй буцаажээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад мотоциклийг тараахаар бэлтгэж байх үед МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо бол цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэдний гаргасан гомдлын дагуу цагдаагийхан битүүжилсэн гэлээ. 

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат энэ тухай "Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирсэн. Мотоциклийг битүүмжлээд, шалгаж байна” гэж мэдэгдэж байсан.  

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Харин Дундговьчууд дээрх үйл явдлыг 8 жилийн өмнө өгөхөөр амласан байсан мотоциклио нөхөн өгөх гэж байсан гэх тайлбарыг хэлж байна.