Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн түүхэн өдөр тохиож байна

Улс төр

Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэн орсон өдөр тохиож байна. Монгол Улс Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч тэр үеийн "капиталист" хэмээгдэх улсуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Түүнээс хойш 15 жилийн дараа 1961 онд энэ байгууллагын босгыг алхсан түүхтэй.

Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан билээ.

Өдгөө Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мүн (2009 онд) нар манай улсад айлчилж байсан түүхтэй.


НҮБ-Д МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ЗОРИЛТ, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 26-нд НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт болов. Тус уулзалтад нийт 180 гаруй улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгч оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, "Covid-19" цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн мөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлэв. Тэрбээр хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт дайны дараа байгуулагдсан НҮБ нь олон талт хамтын ажиллагааны хүчирхэг тавцан болж төлөвшсөн ба 75 жилийн өмнө баталсан НҮБ-ын дүрэм эдүгээ ч олон улсын эрх зүйн гол баримт бичиг хэвээр байгааг цохон тэмдэглэв. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, "Covid-19" цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, түүний сөрөг нөлөөллийг бууруулахын нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулсан юм.

Өндөр түвшний уулзалтаас баталсан НҮБ-ын 75 жилийн ойн тунхаглал (Declaration on the Commemoration of the Seventy-fifth Anniversary of the United Nations)[1]-д хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах, зорилгод хүрэхийн тулд  хэрэгжүүлэх 12 ажлыг тусгажээ. Уг ажлуудыг 2020 оны нэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн санаачилсан дэлхий дахины хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн төлөвийн талаарх “НҮБ-ын 75 жилийн ойн ярилцлага” (UN75 conversation) хэмээх санал асуулгын дүнд тодорхойлсон бөгөөд санал асуулгад манай иргэд, залуус өргөнөөр оролцож, дуу хоолойгоо нэмэрлэсэн билээ.

Дашрамд дурдахад Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 59 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд НҮБ-ын гишүүнчлэл нь манай улсад тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж авах өргөн боломжийг нээсэн билээ.