Өндөр бүтээмжтэй ажиллахыг хүсэгчдэд санал болгох апп

Бусад

Өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэх хамгийн эхний алхам бол тухайн өдрийг зөв зохистой төлөвлөх билээ. Гэвч хүн бүрийн төлөвлөх арга барил, ашиглах хэрэгслүүд харилцан адилгүй тул үүнийг дагаж янз бүрийн аппликэйшн, хэрэглүүрүүд нэвтэрсээр байна. Trello, Google Calendar, Google Keep, Google Drive, Evernote гэх мэт аппликэйшнээс гадна бүтээлч хэлбэрийн тэмдэглэл болох Bullet Journal өдгөө трэнд болж буй. 

Хэрэв эдгээрийн аль нь ч таны хэрэгцээ, сонирхолд бүрэн нийцээгүй бол Notion хэмээх аппликэйшнийг туршиж үзэхийг зөвлөе. Төрөл бүрийн аппликэйшн, програм хангамжуудыг харьцуулдаг Capterra сайтад Notion-ийг 2020 оны шилдэг 20 төлөвлөгөө, менежментийн аппликэйшний нэгээр нэрлэжээ. Notion хэрэглээнд нэвтрээд хоёрхон жил болж байгаа ч нэг сая орчим тогтмол хэрэглэгчтэй болоод байна. 

Ямар ямар цэс байдаг вэ? 

Энгийн, ашиглахад хялбар, өөрийнхөөрөө зохион байгуулах, өөрчлөх боломжтой байдаг нь Notion аппликэйшний хамгийн том давуу тал юм. 

1. Tracker буюу мөрчөөс эхлээд хийх ажлын жагсаалт (To-do-list), өдрийн тэмдэглэл, самбар гэх мэт төрөл бүрийн хуудсыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн үүсгэх боломжтой. Эдгээрээс хэрэглэгчдийн хамгийн их үүсгэдэг цэс бол Projects & tasks юм. Өдөр бүр, долоо хоног, сарын хийх ажлын жагсаалт, ажлын холбогдолтой төсөл, даалгавраа гаргаад зогсохгүй тэдгээрийн хэрэгжилтийг хянах боломжтой (Trello, Asana, Jira гэх мэт програмуудыг бүрэн орлоно гэсэн үг)

Ажил, хувийн амьдрал, хичээл, уулзалт гээд төлөвлөх шаардлагатай бүх л зүйлсийг энд багтааж болно. 

2. Дараагийн цэс бол Notes & docs юм. Бичиж тэмдэглэх, өөртөө сануулах, хийх зүйлсээ зохион байгуулалттай болгоход энэ цэс туслах болно.  (Google Doc, Evernote зэрэг төстэй аппликэйшнийг бүрэн орлоно)

3. Notion-ийг хувийн хэрэглээнээс гадна байгууллага, хамт олны хүрээнд ашиглах боломжтой. Уулзалт, төлөвлөгөө, зорилго, амралт гээд шаардлагатай бүх хуудсыг үүсгэж, мэдээлэл цуглуулах, хамтран ажиллах, ажлын явцыг хянах боломжийг бүрдүүлжээ. 

Хуудас тус бүрийг илэрхийлсэн эможиг өөрөө сонгох, файл, зураг хадгалах, эшлэл нэмэх, унших шаардлагатай мэдээллийн холбоосуудыг нэг дор хадгалж авах, цаг агаар харах гээд олон төрлийн нэмэлт хэрэглүүрүүд ч бий. 

Сул тал

Google болон Apple Calendar-тай холбох боломжгүй, компьютероос орж байгаа тохиолдолд заавал интернэтэд холбогдсон байх шаардлагатай. Мөн хувийн зорилгоор ашиглаж буй хүмүүс үнэгүй хэрэглэх боломжтой ч байгууллагаараа ашиглаж байгаа тохиолдолд сард гишүүн тус бүр 8 доллар төлдөг аж. 

Эцэст нь, Notion аппликэйшнийг гартаа оруулж, бүрэн ашиглаж суртлаа бага зэрэг хугацааг зарцуулах ч үр өгөөж нь хэд дахин илүү байх болно