Сэлэнгэ аймаг, Сонгинохайрхан дүүргийн зарим сонгогчИД төрд төлөөлөлгүй болов

Улс төр

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент 74 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн хоёр гишүүний нэг нь өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн бол нөгөө нь хууль, хяналтынханд баривчлагдаж ял сонссон билээ. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Ж.Эрдэнэбат гишүүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Түүнийг сонгуулийнхаа сурталчилгааг хийж байх явцад цагдан хорьж,  зургаан жилийн хорих ял оноосон байдаг.

Гэсэн ч тухайн үед нэр дэвшин өрсөлдөж байсан Ж.Эрдэнэбат тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон юм. Хэдийгээр тэр шоронд ялаа эдэлж байгаа ч Төрийн ордонд өрөөнийх нь хаалга дээр “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат” гэсэн бичиг хадаатай бий. 

Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Д.Сумъяабазар өөрөө Хотын дарга болохыг хүсээгүй  ч намын даалгавар, улс төрийн шийдвэрийг сөрөх эрхгүйгээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ өгч, хотыг удирдахаар ажилдаа ороод байгаа юм. 

Уг нь иргэд, сонгогчдыг төлөөлж парламентад 76 гишүүн байх ёстой. Гэвч өнөөгийн парламент 74 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймаг болон Сонгинохайрхан дүүргийн зарим иргэн төрд төлөөлөлгүй болсон гэсэн үг.

Харин хуулиараа нөхөн сонгуулийг ирэх оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаж явуулна. Тэр болтол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн парламент 76 биш 74 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь.