“Хөдөө”-нөөс шилэгдсэн Хотын дарга

Улс төр

Улаанбаатар хотын шинэхэн дарга болж, Улсын Их Хурлын гишүүний эрхэм суудлаа орхисон, бөхөд дуртай монгол хүүхнүүдийн зүүдний ханхүү, мөрөөдлийн үзүүр болж явсан Монгол Улсын аварга Д.Сумьяабазарыг танихгүй хүн байхгүй. Тэрбээр 30 шүргэх насандаа “Зургаан заан” хэмээн алдаршиж, Улаанбаатар хотын төв гудамжийг чимж явсан намтрынхаа сайхан хуудсыг улс төрийн тогоонд чанагдсан найман жилд “улстөрч” гэсэн нэрээр мөлчийтөл угаасан гэж болно. 

Бөхөд дуртай монголчуудын сонголтоор улс төрд анх орж ирсэн түүний хувьд нийслэлийн баруун захын дүүрэг Сонгинохайрханаас гурвантаа сонгогдож улс төрийн дархлаагаа бэхжүүлж авсан тэрбээр өнөөдөр Улаанбаатарыг даргалах улс төрийн томоохон даалгавар дээр бууж, УИХ-ын гишүүний эрхэм суудлаасаа татгалзсанд эргэлзэж, гайхаж байгаа нь олон. 

Харин улс төрийнхөнд бол хожоотой, хоржоонтой нүүдлийн дунд сул шидсэн чулуу шиг шааригдаж орж ирсэн сонголт хийлээ гэсэн яриа өндийж ирснээ төдөлгүй нам жим болов. Мөн түүнийг улс төрийн сонголт гэхээсээ илүү шахалтад орж хийсэн томилгоонд орчихлоо, хэрэв Хотын даргаасаа буувал эргэж улс төр рүү ороход хэцүү, яг л Үүл баатарын араас орж байна гэсэн яриа ч дэгдээд намжих. 

Ийм нэгэн тааврын үзүүрт эрхэм гишүүн, хотын дарга болох сонголтоо хийж, гишүүний зөөлөн суудлаасаа гулсаж буув. Д.Сумьяабазарын хувьд сул гишүүнээс сайд хүртэл явсан богино зайны хүчтэй тамирчин гэдгээ улс төрд ч батлаад авсан учир Хотын даргаас бууж, улс төрөөс “арчигдсан” ч нэг их харамсах зүйлгүй мэт. 

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр, төлөөлөгч М.Тулгат, “Та хэдхэн сарын өмнө би нүх болгонд ордог оготно биш. Хотын дарга болохгүй гэж хэлж байсан. Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээж УИХ-д сонгогдчихоод яагаад хотын дарга болох гээд байна вэ” гэхэд “НИТХ-д улстөржилт яригдахгүй. Нэг төлөөлөгчийн ард олон иргэн бий. Та бид хамтдаа нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажилд гар нийлэн ажиллана гэж бодож байна.  Сонгинохайрханчуудынхаа итгэлийг хөсөрдүүлээгүй. Өдөр тутмын амьдралыг өөд нь татах, аюулгүй орчинд амьдруулах нөхцөл рүү орж ажиллана. Иргэдийн амьдралтай холбоотой чухал ажлуудыг төлөөлөгчид хариуцаж ажиллана. Зориг гаргаж иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна. Хэвлэлд өгсөн ярилцлагын хувьд би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан. Яаж МАН олонхи болох вэ гэдэг зүйлийн төлөө ажиллаж байсан. Их хурал болон орон нутгийн түвшинд хамтарсан байдлаар ажиллах нь чухал. Түгжрэл амар асуудал биш. Эв нэгдэл гэдэг бол байгууллага бүрт байх ёстой зүйл. Гишүүний бүрэн эрхээсээ татгалзах нь хувь хүний хувьд амар байгаагүй. Иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд нэгдсэн бодлого хэрэгтэй. Хотын унаган иргэний хувьд түгжрэлгүй, утаагүй болоосой гэж хүсдэг. АН, ХҮН-ынхан улстөржиж байх шиг байна. Гэхдээ би бүх хүнтэй хамтарч ажиллана” гэсэн хариулт өгсөн. 

Нийслэлийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн, 1974 онд төрсөн, 46 настай, Монгол Улсын аварга цолтой Д.Сумьяабазар, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалаврын ангийг дүүргэсэн, англи, орос хэлтэй. 2003-2006 онд “Эй Би Си Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал, 2003 онд ”Асашёрюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 онд ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх, 2013 онд Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч, 2012-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан юм. 

С.Баяр