З.Нарантуяа: Ардчиллын манлайлагчид гэдэг тэр дүрээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн маргаан АН-ыг хямралд оруулчихаад байгааг нийтээрээ харж байна

Улс төр

Удахгүй намын даргаа сонгох том марафон эхлүүлсэн АН-ын хөдөлгөөн, шийдэл бүхэн өнөөдөр хамгийн их анхаарал татаж байгаа цаг. Энэ удаа “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн З.Нарантуяаг урив.

-Таныг улс төрөөс хөндийрөөгүй, харин ч улс төрийн судалгааны том ажил хийж байгаа гэж сонслоо.  

-УИХ-ын сонгуулийн дараа хэсэг хугацаанд амарлаа. Одоо хувийнхаа фирм дээр ажиллаж байна. Хууль, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгч, судалгаа хийн, зарим нэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. 

...Ардчилсан намыг сэргэж, нийгмээ өөрчлөөсэй гэсэн хүсэл иргэдийн дунд байгаа нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харагдлаа. Ард түмний сэтгэлд ардчиллын очийг унтрааж болохгүй шүү гэсэн бодол гүнзгий суусан байдаг юм байна...

Улстөрчийн хувьд өнгөрсөн дөрвөн жил дотор нь ажилласан парламентаас баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрүүд ер нь ямар үр дагавар авчирч байна вэ гэдгийг эргэн харж, өмнөх Засгийн газруудын бодлого, үйл ажиллагаатай харьцуулах маягаар дүгнэлт өгөхийг хичээлээ. Эдийн засгийн бодлогын үр дүн нэлээд хоцрогдолтойгоор илэрдэг. Тухайн үед зөв гэж бодож хийсэн зүйлс төсөөлснөөс өөр үр дагавар авчрах, эсвэл хүссэн цагт биш ч ихээхэн хожуу илэрдэг. Сонирхолтой санагдсан тул судалгаагаа нэлээд өргөжүүлж, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн гол гол өөрчлөлтийг Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаа дөрөв дөрвөн жилийн интервалтайгаар харьцуулах замаар өнгөрсөн 30 жилийн хугацааны алдаа оноог үнэлэх чиглэлээр судлаачидтай хамтран ажиллаж байна.

-Өнгөрсөн парламентад үнэмлэхүй олонхийн эдийн засагт хэрэгжүүлж ирсэн бодлогын талаар Та юу гэж хэлэхээр байна. Ялангуяа Засгийн газрын 2012-2016 оны хямарсан эдийн засагт тавьсан онош, эмчилгээ “бай”-гаа онож чадаж уу?

-Хоёр сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг авч явах үүргийг ард иргэд МАН-д өгсөн. Эхний хугацаа буюу өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж буй МАН Монгол Улсын хөгжилд томоохон ахиц гаргах улс төр, эдийн засгийн гадаад, дотоод хамгийн таатай орчинд үйл ажиллагаагаа явуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. 2016 оны сүүлийн хагас, 2020 оны хоёрдугаар сараас хойших хугацааг эс тооцвол. Гэвч товчхондоо гадаад худалдаанаас олсон орлогоо (экспортын) нийгэм хамгаалалд л үрээд дуусгалаа даа. Үнэхээр зүүний чиглэлийн үзэл баримтлалтай нам гэдгээ харууллаа. Нийт 73 төрлийн халамжид 1.8 их наяд төгрөг, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, даатгал гээд дөрвөн жил дараалан төсвөө алдагдалтай баталж, алдагдлаа өр зээлээр санхүүжүүлж, амь тээж явна.

Ялангуяа 2019, 2020 оны төсвийг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүнг өөрийн намын ялалтад ашигтайгаар эргүүлэх улс төрийн “авлига” болгоход чиглүүлсэнд мэргэжлийн хүний хувьд үнэхээр харамсч байна.

Монголчуудаа сэтгэдэг, бүтээдэг биш халамжлуулдаг, эрхлүүлдэг бодлого нэвт хэрэгжсэн байна. Энэ бол буруу бодлогын сөрөг үр дагавар учраас үүнийгээ одоо ирэх дөрвөн жилдээ засаасай, энэ улс орны чинь ирээдүй бүрхэг болж байна шүү л гэж хэлмээр байна.

Хэдэн тоо нэмэхэд, 2020 оны төсөв угаасаа хоёр их наяд 74 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан байсан. Цар тахлын нөлөөллөөс сэргийлэх, үүнээс улбаатай төсвийн орлогын тасалдал бий болсон үндэслэлээр зарлагын хэмжээг 2.8 их наядаар нэмэгдүүлж, нийт алдагдлын хэмжээг -4.8 их наяд хүргэж тодотгосон нь УИХ-ын сонгуулийн авлигаа шингээсэн л явдал байсан. Үүний 70 хувийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. Энгийн үгээр хэлэхэд, өөрт ямар ч мөнгөгүй атлаа хүнээс зээлээд сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчтэй агаар нэг юм.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг харсан мэргэжлийн ямар ч хүний нүдэнд энэ бол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв гэдэг нь тод харагдаж байна.

 -Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чамгүй өөрчлөлт шинэчлэлтийг нам дотроо өрнүүлсэн ч харамсалтай нь гурван сонгуульд дараалан ялагдлаа. Сонгуулийн ялагдлын алдаа, оноог Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Ялагдсан намын хувьд өөрсдөөсөө алдаагаа эхэлж хайх хэрэгтэй л дээ. Ялагдлын хамгийн том шалтгааныг намынхаа дотоод асуудалтай холбож тайлбарлана. 2016 оны УИХ-ын  сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан нам доод шатнаасаа эхлээд гишүүдээ сонсдог, гишүүдийн оролцоо нээлттэй, бодлогын төвтэй нам болно гээд нийт таван зорилт дэвшүүлэн шинэчлэлээ эхлүүлсэн.

Гэвч шинэчлэлээ эхлүүлсэн шигээ эрч хүчтэйгээр дуусгаж чадсангүй. Энэ хүрээнд үзэл баримтлал, үнэт зүйлсээ тодорхой болгож, дүрэм журмаа шинэчилсэн ч хамгийн чухал хамтын удирдлагын зарчмаа баримталж, институц болж чадаагүй маань нөлөөллөө гэж бодож байна. Энэ бол миний л бодол. Намын гишүүн бүр өөр өөрийнхөө өнцгөөс үнэлгээ дүгнэлт өгч байна.

-Орон нутгийн сонгуульд АН хэд хэдэн аймагт ялалт байгуулсан ч нийслэлд үнэмлэхүй ялагдлаа. АН-ын нэр хүнд нийслэлд яагаад тийм муу байв аа?

-Ардчилсан намыг сэргэж, нийгмээ өөрчлөөсэй гэсэн хүсэл иргэдийн дунд байгаа нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харагдлаа. Ард түмний сэтгэлд ардчиллын очийг унтрааж болохгүй шүү гэсэн бодол гүнзгий суусан байдаг юм байна. Тиймээс бид намынхаа шинэчлэлийг үргэлжлүүлж, олон нийтийн итгэлийг буцааж авах их ажлыг далайцтай хийхээс намын шинэчлэл эхлэх ёстой гэсэн бодолтой явна. Зөвхөн дүрэм журам, үзэл баримтлалаа шинэчлээд, нэг лидер тавьснаар шинэчлэл төгс төгөлдөр болохгүй. Суурь институцийнх нь хувьд сэргээнэ гэдэг тийм ч амархан хийчих ажил бас биш. Удирдах, удирдуулах зарчим, сахилга хариуцлага, дэг журам, ёс суртахуун, ёс зүй, үнэт зүйл, хэм хэмжээн дээрээ нэгдсэн цул цөм болж байж шинэчлэл цогц болох байх.    

-Намын дотоод эв нэгдэлгүй байдал ялагдалд хүргэсэн гэж танай намын залуучууд хэлдэг. Та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Ялангуяа нийгэмд ардчиллын манлайлагчид гэдэг тэр дүрээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хоорондоо муудалцах, хувийн шинж чанартай маргаанаа нийгмийн сүлжээгээр цацах нь хувь хүмүүсийн асуудлын хүрээнээс хальж, АН-ыг хямралд оруулчихаад байгааг нийтээрээ харж байна. Монголын хөгжлийн ирээдүй, намынхаа цаашдын хөгжил, дэвшлийг бодоцгоож, үг үйлдэл бүрээ хянаарай гэж хатуухан хэлмээр байна. Залуу үеийн хүсэл мөрөөдөл, боломжийг бид хаах учиргүй.

Ц.ЭНЭРЭЛ