"Улаан дэвжээ" -ний шигшээ багийнхан

Улс төр

Энхрий хайрт эх оронч нам МАНАН хуралдаад завгүй гэж жигтэйхэн байв аа, цаана чинь. Арга ч үгүй юм байгаа биз дээ, алд дэлмээр өөрийн болгодог өмчирхөг зангаараа гуравхан сая монголчуудаа гурван бүлэглэлд хувааж байгаад дарга сэтэртэй хэдхээн нөхөд өвөр зуураа хөзөр тоглосон шигээ нясалж суудаг хойно. 

АН гучин жил, МАН зуун жил улс төр нэртэй мануухайг улс төрч нэртэй манаачаар мануулж, ард түмэн нэртэй сүргээ алсаас, ойроос, бүүр дотроос нь хариулж, хагалж өдий хүрсэн.

Уг нь хөөрхийс хашгирсан зүгт харайлдаж, хааяа нэг майлчихаад явж байдаг гэм зэмгүйхэн сүрэг нь сүүлийн үед хэтэрхий том толгой гаргаж, хэний ч хүсээгүй сонголт хийчих гээд байсан учир дээр үеийн далдын хар малгайг орчин цагт хөрвүүлж “хар машин” гэх гоё авдар хаа сайгүй байрлуулж, эрхийг нь барьж байгаа намын илүү мэдлээр бэрхийг атгуулаад хоёр сонгуулийн даваа давчихсан ч энэ жил эрхгүй өвдөг шороодов. Үнэндээ, дараалан найман жил төрийн эрхийг барьсан нам орон нутагт “алдаж” найман аймагт өвдөг шороодсон ч арайхийн нийслэлдээ “гозойж” чадсаны баяраа чимээгүйхэн тэмдэглэв. 

МАН-ын томчууд, орон нутгаа алдсан намын хорооны дарга нартаа хариуцлага тооцно хэмээн өндөр ширээний араас заналтай дуугарч, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм аа хэмээн “унасан” хэд рүүгээ доройхон шивнэлдсэн энэ цаг үед Нийслэлийн МАН хурдаа авч, Сонгинохайрханы “босоо бөх” Нийслэлийн Засаг болж, их хурлын гишүүн гэх зөөлөн суудлаасаа газардав. 

Харин ширүүхэн цаг үед галыг өөртөө авсан хэмээн тэрүүхэндээ толгой өргөж, сэмбэлзсэн Хотын даргын үүрэг гүйцэтгэгч асан “жаалхүү” 13 жил төрийн байгууллагад ажилласан надад “Хотын иргэдийн хурлыг даргалж чадах итгэл байна” хэмээн итгэлтэйхэн нь аргагүй хэлсэн шигээ Улаанбаатар хотын “Улаан дэвжээ”-ний хаалгыг төвөггүйхэн татаад яваад орчихлоо. 

“Сум” \сүүлийн үед түүнийг ойр дотныхон нь ингэж дууддаг болсон гэсэн\ чимээгүйхэн суудлаа засч, дүүргийнхээ дарга нарыг томилох асуудалд толгой өөд татахгүй “ажиллаж” буй. Түүний ажлын өрөө, гэр рүүгээ явдаг зам арай л их “хамгаалалтад” орсон байгаа хэмээн ойрын хүн нь шоолонгуй инээсэн учир нь “Ах аа, намайг бодоорой” бүлгэмийн гишүүд арзайж, ярзайж зам тосох болсных гэлцэж буй. 

Ямартаа ч “сэлэмч”-ээсээ илүү “сум” хайранд умбаж байгаа энэ үед “намайг яах бол” гэсэн МАНгарууд нойргүй хонож, “арай чиг халчихгүй байлгүй дээ, ах намд элсчихдэг байж” гэсэн амаа барьсан албандаа хоргодсон АНгарайнууд танил хайж чавхадсан ийм нэгэн дүр зураг намрын улаанбаатарт зэрэглээ мэт зээглэнэ... 

Харин аймгуудад асуудал тогоондоо буцалж байна. МАН ялсан аймгуудын Засаг дарга нар хэдийнэ ээлжит хурлаа зарлаж, ирэх дөрвөн жилд аймгаа удирдах дарга нараа сонгож, Ерөнхий сайд руу нэрсээ ил далд хүргүүлээд эхэлчихлээ. Энэ долоо хоногт аймаг, дүүргүүд даргатай болж “Улаан дэвжээ”-гээ бүрдүүлэн ажилд нь оруулах буй за. Дэвжээ тойрон гүйх нэг хэрэг, дэгсдүүхэн амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө нэгбүрчлэн шаардах иргэд сонгогчдынхоо өмнө л илүү сайн дэвээрэй дээ хэмээн захих байна.

Д.Пүрэв