“Медиазона”: Минскт хүчний байгууллагынхан 1376 хүнийг гэмтээжээ

Дэлхийн мэдээ

Белорусьт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараанаас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсэн хоёр сарын хугацаанд хүчний байгууллагын үйл ажиллагаанаас болж нийт 1376 хүн бэртэж гэмтсэн гэж тус улсын Мөрдөн байцаах хорооны эх сурвалжаас авснаа "Медиазона” хэвлэл мэдээллээ.

Найм, есдүгээр сард хамгийн их буюу 1319 хүн гэмтэл авсны дундаж нас нь 31 байна. Эмэгтэй 57 хүн гэмтэл авсны хамгийн ахмад нь 72 настай хөгшин байна. Нийт 73 хүн хүнд бэртэл авсан бол 391 нь дунд зэргийн, 949 нь хөнгөн бэртэл авчээ.

Гурван хүн, түүн дотор 17 настай өсвөр насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн шинжтэй бэртэл авсан гэнэ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн цагдаа нартай мөргөлдсөн хамгийн хурц үйл явдал наймдугаар сарын 10-нд болох үеэр хууль сахиулагчид гурван мянга гаруй хүнийг цагдаагийн хэсэгт аваачсан, тэр үеэр 472 хүн бэртэж гэмтсэн байна.

                                       

Цагдаа нар хүмүүсийн хамгийн чухал эрхтнээд нь буудаж байсан гэж хэвлэл онцолсон байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаалд оролцогсдоос 475 хүн  толгойдоо гэмтэл авсны 17 нь эмэгтэй хүн байна. Харин цээжиндээ гэмтсэн хүн 479 байгаа юм.

Гэмтэж бэртсэн хүмүүсийн талаас илүү хувь нь саатуулагдсаны дараа цагдаагийн машинд, цагдаагийн хэсэгт, Окрестино, Жодиногийн тусгаарлах байранд гэмтэл авчээ. Энэ бүхнээс үзэхэд энэ бүх шатанд цагдаагийн ажилтнууд саатуулагдсан хүмүүсийг энэ бүх шатанд зодож, хэдэн өдрөөр тамлаж байсан байна. Гэтэл өнөө хүртэл эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож жагссан хүмүүстэй ингэж харьцсан хүчний байгууллагынхнаас нэг ч хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол байхгүй байна.

Наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараанаас Белорусьт сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хүчнүүд эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн юм. Энэ сонгуулиар Александр Лукашенко олонхийн санал авч зургаа дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдсон.

Жагсагчдыг тараахын тулд хүчний байгууллагын ажилтнууд резинэн сум, дуут гар бөмбөг, усан буу, бороохой ашигласан. Белорусийн Дотоод хэргийн дэд сайд Геннадий Казакевич “зайлшгүй тохиолдолд” хууль сахиулагчид байлдааны зэвсэг ашиглана гэж аравдугаар сарын 12-нд мэдэгдээд байгаа юм.