Украиныг сэргээн босгох, нутаг дэвсгэрээ эргүүлэн авахад Оросгүйгээр бүтэхгүй гэв

Дэлхийн мэдээ

Донбасс дахь иргэний дайныг зогсоож чадахгүй бол албан тушаалаасаа огцроход бэлэн байна гэж мэдэгдэж байгаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сөргөлдөөнийг эцэс болгохыг хүсэхгүй байна. Ийм болохоор тэр огцрох ёстой гэж өөрсдийгөө Донецкийн бүгд найрамдах улс гэж тунхаглаад байгаагийн тэргүүн Денис Пушилин ФАН агентлагийн сурвалжлагчид мэдэгджээ. 

Донбасс дахь дайныг зогсоож чадахгүй бол албан тушаалаа орхиход бэлэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. “Энэ бол надад огт  асуудал биш. Би эрх мэдэл, нэр төрд наалдаад байхгүй. Хэрэв би дайныг зогсоож чадахгүй бол, энэ эмгэнэлт түүхийг зогсоож чадах тэр хүнд өгөхийн тулд албан тушаалаа өгнө” гэж тэр мэдэгджээ. 

Оростой яриа хэлцэл хийхгүйгээр Донбасс дахь сөргөлдөөнийг Киев зогсоож чадахгүй нь гэж Зеленский өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр “Барууны түншүүдийн  дэмжлэг бол тусдаа хэрэг” гээд Украиныг сэргээн босгох, бүх нутаг дэвсгэрээ эргүүлэн авахад Оросгүйгээр бүтэхгүй  гэсэн юм. 

Денис Пушилиныхаар бол ийм мэдэгдэл хийсэн хүн заавал огцрох ёстой гэнэ. Нэгдүгээрт, Зеленский албан тушаалдаа байгаа бол дайн аль хэдийнээ дууссан байх ёстой. Бодит байдал дээр юу ч болоогүй, гал зогсоох үүргээ Украин биелүүлэхгүй байгаа. Хоёрдугаарт, Зеленский Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улсыг сөргөлдөөний нэг тал гэж үзэхгүй байна, уг нь Украин бидэнтэй ярилцах ёстой. Гэтэл тэрбээр минскийн үйл явцын субъект нь Украин, Орос гэж үзэж байгаа. Энд юу ярих юм” гэж Денис Пушилин нэмж хэлжээ. 

“Энэ бүхнээс үзэхэд Зеленскийн хэлээд байгаагаар бол тэр дайныг дуусгах хүсэлгүй байна. Ийм нөхцөлд өөрөө огцрох нь хамгийн шилдэг сонголт” гэж Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүн Денис Пушилин мэдэгдсэн байна. 

Украины нутаг дахь цус урсгасан иргэний дайн 2014 оны дөрөвдүгээр сараас үргэлжилж байгаа юм. Донбасс дахь Донецк, Луганск муж өөрийн тусгаар тогтнолоо зарласны дараагаар Украин эднийг үндсэн хууль зөрчиж төрийн эргэлт гаргалаа хэмээн энд цэргээ оруулснаар энэ дайн эхэлсэн юм.