Ким Чен Ун ард түмнээсээ уучлал гуйв

Дэлхийн мэдээ

Солонгосын хөдөлмөрийн намын 75 жилийн ойн баярын парадын үеэр үг хэлсэн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хангалттай сайн удирдагч байж, иргэдийнхээ амьдралыг сайжруулж  чадаагүйнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйгаад, өөрийнхөө амьдралын үнэ цэнээр иргэдийнхээ итгэлийг хүлээнэ гэж амлалаа гэж The Korea Times бичсэн байна.

Солонгосын хөдөлмөрийн намын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад, олон нийтийн жагсаалыг Умард Солонгосын төв телевиз бямба гаргийн орой дамжуулсан. Мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр бол парад аравдугаар сарын 10-ны шөнө дунд Пеньяны төв Ким Ир Сений нэрэмжит талбайд болжээ.

Ким Чен Ун “Нөхөд өө, би ард  түмнийхээ итгэлийг ямагт цэлмэг тэнгэр шиг, цэнхэр далай шиг  хүртэж явсан, гэхдээ хэзээ ч энэ бүхэнд өөрийгөө зөвтгөж хэлэх үг алга. Би хэдийгээр аугаа их удирдагч Ким Ир Сен, аугаа жанжин Ким Чен Ирийн их үйл хэргийг залгамжлан авч улс орноо удирдах асар том хариуцлагыг хүлээж яваа ч надад хүч,  чин сэтгэл дутагдаж байгаа болохоор ард түмэн маань өдөр тутмын хүнд амьдралаасаа салж чадахгүй байна” гэж хэлсэн байна.

“Намынхаа 75 жилийн ойн өндөрлөгөөс харж байгаа энэ өдөр би та бүхэндээ “баярлалаа” гэж хэлье гэж ихэд бодсон. Надад итгэж найдсан энэ их итгэлийг би амьдралаараа, бүр бие цогцос минь гэмтэж бэртсэн ч хариулж хамгаалах болно” гэж БНАСАУ-ын удирдагч хэлжээ.

БНАСАУ-ын  удирдагч бас  коронавирустэй тэмцэх, хар салхины уршгийг арилгах зэрэг ажилд маш их хүндрэлийг даван туулж байгаа умард солонгосын армийн цэрэг дайчдаас уучлал гуйсан байна. “Тэр хүнд цагт та нартайгаа хамт байж чадаагүйдээ баярын энэ шөнө миний сэтгэл зүрх шаналж байна” гэж Ким Чен Ун мэдэгдсэн байна.

Парадын үеэр Ким Чен Ун мөн өөрийн дүү Ким Ё Жон, Төрийн зөвлөлийн орлогч дарга Пак Пон Жу, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч Чхе Рён Хэ, Ерөнхий сайд Ким Жэ Рён нар болон албаны бусад хүмүүст талархал илэрхийлэн мэндчилжээ.