Лукашенко: Бүрэн эрхээсээ бусад байгууллагад шилжүүлэхэд бэлэн

Дэлхийн мэдээ

Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зарим хэсгийг Засгийн газар болон засаглалын бусад байгууллагад шилжүүлж болох юм гэж үзэж байна. Тэрбээр даваа гарагт Ерөнхий сайдын орлогч Николай Снопков, Сангийн сайд Юрий Селиверстов, Татвар хураалтын сайд Сергей Наливайко нараас Үндэсний татварын тогтолцоог хөгжүүлэх тухай илтгэл сонсох үеэрээ ингэж хэлжээ. 

“Сүүлийн үед эрх мэдэл хэн нэгэнд дутагдан,  тэгшитгэн хуваарилах талаар их ярьдаг болж, үндсэндээ энэ зөв. Ерөнхийлөгчийн эрх мэдлээс зарим асуудлыг засгийн газар, засаглалын бусад байгууллагуудад шилжүүлэх хэрэгтэй” гэж Лукашенкогийн хэлснийг БелТА агентлаг иш татсан байна. 

 “Саяхан би ерөнхийлөгчийн эрх мэдлээс 71-ийг нь засаглалын бүхий л түвшинд шилжүүлж өгөхийг санал болгосон зурвас хүлээн авсан, гэхдээ энэ бол өөр сэдэв” гэж Лукашенко ярьжээ. 

Александр Лукашенко наймдугаар сарын 17-нд Минскийн хүнд механизмын үйлдвэрт үг хэлэхдээ Үндсэн хуульд засаглалын эрх мэдлийг  дахин хуваарилах асуудлаар өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гээд энэ төлөвлөгөөнд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуваах тухай оруулахад бэлэн байна гэж хэлж байсан юм. Түүнийхээр бол  засаглалын эрх мэдлийг хуваарилах ажлыг Үндсэн хуулийг өөрчлөх замаар хийхээс биш, гудамжны  хөдөлгөөнөөр хийх ёсгүй гэнэ. Тэрбээр улс оронд шинэ Үндсэн хууль хэрэгтэй, түүнийг ч боловсруулах ажил эхэлсэн гэжээ. 

Х.ӨЛЗИЙ