Улаан хядлагыг үндэслэгч, коммунист “Төмөр” Зержинский гэж хэн байв аа

Соёл урлаг, Спорт

2010-аад оны эхээр оросын “Россия” телевизийн сэтгүүлч Соловьевын “Хориг” нэвтрүүлэгт оросын нэртэй хоёр улстөрч Гозман, Хинштейн хоёр оролцож зөвлөлтийн чекист Феликс Эдмундович Зержинскийн хөшөөг Москвагийн Лубянскийн талбайд эргүүлэн босгох нь зөв, буруу хэмээн ширүүн маргалдаж байсан юм.

Уг нь зөвлөлтийн тусгай албаны анхны тэргүүн түүнд зориулсан энэ хөшөөг 1958 онд босгосон бол 1991 онд болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа олон нийт энэ хөшөөг буулгахыг шаардсанаар 1991 оны аравдугаар сард буулгасан юм.

 Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхөд Владимир Ленин, түүний хамтран зүтгэгчдийг санагалзах явдал Геннадий Зюганов тэргүүтэй коммунист нам, түүний гишүүдээс эхлээд олон хүнд төрөх болсон уу, хөшөө дурсгалыг нь сэргээх, ном дуртгалыг нь хэвлэх боллоо.

Харин зүүнийхэн шууд л “Энэ чинь юу болж байна аа, мөнгөө юунд  зараад байгаа юм. Улс оронд нийгмийн өчнөөн асуудал байна шүү дээ. Зам, сургууль, цэцэрлэг...Коммунстуудад ард түмний мөнгийг хайрлах сэтгэл байна уу” гэцгээж байлаа.

Гэтэл Москвагийн төрийн дум чекистийн хөшөөг сэргээн засварлаж буцаан байранд нь байрлуулах төслийг баталж 50 сая рублиэр санхүүжүүлэх болов.

Үүнийг хэвлэлийнхэн бөөн шүүмжлэлээр угтан авсан юм.

 Феликс Эдмундович Зержинский гэж хэн байв аа

Өнөөгийн Белорусын Минск мужийн нутагт Зержиново гацаанд польш язгууртны гэрт төрсөн түүнд анх Феликс Шченсны гэдэг нэр хайрласан гэдэг.

 Сүмийн номлогч болохыг мөрөөдөж явсан хүү гимназид суралцаж 1895 онд 18 насандаа Литвийн Социал демократ намд элсч суртал нэвтрүүлэгт оролцон дугуйланд хамрагдсаныхаа төлөө 1897 онд баривчлагдаж жил шахам шоронд суугаад гурван жил цагдаагийн хяналтад байх нөхцөлтэйгөөр суллагдаж жилийн дараа гэхэд польш руу зугтсан байна. Энд л чухам тэрээр мэргэжлийн хувьсгалч гэгддэг болжээ.

Улмаар Оросын Социал демократ намд элсч 1914 онд баривчлагдан гурван жилийн ял авсан ч 1916 онд нэмэлт ял өгөн  зургаан жилийн хорих ял өгсөн ч 1917 оны гуравдугаар сард суллагдсан байна.

Октябрийн хувьсгалд бэлтгэх ажилд идэвхтэй оролцож Москвад Улаан гвардийг үндэслэн байгуулжээ. 1917 оны аравдугаар сард Оросын СДН-ын Төв хорооны хуралд оролцож засгийн эрхийг булаан авах шийдвэр гаргалцаж төрийн эргэлт зохион байгуулах Хувьсгалт цэргийн төвийн бүрэлдхүүнд орсон гэдэг. Октябрийн хувьсгалын өдрүүдэд Төв шуудан, цахилгаан мэдээний газрыг эзлэх ажлыг удирдсан байна.

Ингэхдээ тэр 40 настай л байлаа. Хувьсгалын дараа тэрээр  хувьсгалын эсэргүүчүүдтэй тэмцэх Бүх оросын онцгой комиссыг тэргүүлж эхэлсэн юм.

                                                     

Энэ хүртэл тэрээр өмнө дурдсанчлан 10 гаруй жил шорон дамжчихсан байлаа. Ухамсарт амьдралын нь бараг тал хувь. Хууль дүрэм сахигч хүн ийм замаар явах уу. Тэгээд ч бүр хэд хэдэн удаа шүү. Өөрөөр хэлбэл шоронгоос гараад л дахиад шоронд. Тэр анхнаасаа л хууль дүрэм, дэг журамд хэрхэн ханддаг байсан нь эндээс харагдана.

 За юутай ч тэр ажилчин тариачны  засагт хууль дүрэм, журам сахиулах том албан тушаалд очлоо. Хувь заяа түүнд боломж олгов, харин тэр хэрхэн яаж ашигласан бэ.

 Баримтаас үзэхэд харамсалтай нь Зержинский үүнийг эсрэгээр нь бүр эсрэгээр ашигласан юм. Өрөөр хэлбэл тэр залуу цагийнхаа шунал,  муу сэтгэлд автагдан өшөө авах, цус урсгах явдлыг тэргүүн эгнээнд тавьсан юм. Залуудаа тэр далдын хар малгайтай болоод бага  үндэстнүүдээс аль болох олныг хөнөөх юмсан гэж мөрөөддөг байснаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээсэн нь байдаг.

Октябрийн хувьсгал ялж, большевикууд засгийн эрхэнд гаран иргэний дайн өдөөсөн нь Феликст энэ мөрөөдлөө биелүүлэх жинхэнэ боломж олгов. Бүх оросын улаан террор хядлага хийх хариуцлагыг Зержинский шууд л өөртөө хүлээн авлаа. Түүний ойрын туслах чекист Лацис “Бүх оросын онцгой комисст ажиллахыг Феликс Эдмундович  өөрөө сонгож авсан” гэж өөрийн намтартаа бичсэн байдаг.

 Үнэхээр ч Зержинский “Бүх оросын онцгой комисст  шууд буудах эрх олгох нь маш чухал” гэж хэлсэн байдаг. Энэ бол энгийн иргэд, тохиолдлоор саатуулсан иргэдийг мөрдөн байцаахгүйгээр, шүүхгүйгээр буудан авах тухай яриа. “Онцгой комисс бол шүүх биш, Онцгой комисс бол хувьсгалын хамгаалагч. Онцгой комисс  хувьсгалыг хамгаалж, зарим тохиолдолд буруугүй хүний толгой дээр илд буулаа ч гэсэн дайсныг  дарж байх ёстой” гэж Зержинский дуртгалдаа бичсэн байна. Гүн ухаанч Николай Бердяев ч” Энэ бол солиотой мөрөөдөгч байсан. Түүнийхээр бол өөрөө жинхэнэ айдас хүргэм хүний төрхийг бий болгосон юм. Түүнд ямар нэгэн айдас хүрмээр юм байсан” гэж бичсэн байдаг.

Большевикуудтай ажиллаж байгаад дараа нь хилийн чанадад зугтан гарсан Григорий Соломон гэгч Зержинскийтэй ярилцсан тухайгаа Зержинскийн  “Улаан террор, хядлагын гол зорилго бол Орос дахь хөрөнгөтөн иргэдийн тоог цөөлөх зорилготой” гэж хэлж байсныг нь дурссан байдаг.

 Бүх оросын онцгой комиссын 1918 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Зержинский өөртэй нь маргалдсан хувьсгалт усан цэргийг өрөөндөө гар буугаар буудан хөнөөсөн тухай бичсэнээс  үзэхэд онцгой комиссын дарга дайснууддаа хэрхэн ханддаг байсныг таахад ядах юмгүй. 

Зержинскийн баруун гар латви эр Мартын Лацис ч яг түүний үзлээр хүмүүжиж Дорнод фронтын Онцгой комиссыг “Улаан террор” хэмээн албан ёсоор зарлаж “Бид ганц нэг хүнтэй тэмцэх биш, хөрөнгөтнүүдийг ангийн нь хувьд устгагчид байх ёстой. Буруутан этгээд  зөвлөлт засгийн эсрэг үг яриа, үйлдэл  гаргасан эсэх талаар мөрдөн байцаалтын материал, нотлох баримт бүү эрж хай. Ямар гаралтай, ямар ангид хамаарах, ямар хүмүүжил, боловсрол, мэргэжилтэй вэ гэдэг л түүнд тавих эхний асуулт. Энэ асуултууд л түүний хувь заяаг шийднэ. Энэ л улаан террор, хядлагын мөн чанар, утга учир” гэж байжээ.

 Түүхч Роберт Конквестийн 1917-1922 онд ямар ч мөрдөн байцаалт, шүүхгүйгээр зөвхөн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр 140 мянган хүнийг буудан хороосон гэж үздэг.

Бүх оросын онцгой комиссын түүх судалдаг О.Б.Мозохин архивын материалд тулгуурлан үзсэнээ “Онцгой комиссын буудан алсан хүний тоо 50 мянгаас хэтрэхгүй” гэсэн байдаг. Гэхдээ энэ нь савхин цамц өмсч, гар буу зүүсэн чекистүүд тосгонд хөдөө, тариан талбайд, ойд  дургүй нь хүрэхээрээ буудан алсан хүнээ өдөр бүр юм уу, сар бүр тоог нь нэгтгэн тайлан гаргаж байгаагүй болохоор үнэн байдалд хэр нийцэх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Дээрх   бол Онцгой комиссын хуралдааны протоколд л тулгуурласан тоо.

1919 оны сүүлчээр генерал Деникиний байгуулсан тусгай комисс Зөвлөлт засаг байгуулагдаад 1918-1919 онд явуулсан улаан террорын явцад нийт нэг сая 766 188 хүнийг алж хядсаны дотод 260 мянган цэрэг, 54.6 мянган офицер, 1.5 мянга орчим гэгээнтэн, номлогч, 815 мянган тариачин, 193 мянган ажилчин, цагдаагийн 59 мянган ажилтан, 13 мянган помещик, 370 гаруй мянган сэхээтэн, хөрөнгөтнийг буудан хороосон гэсэн тооцоо гаргасан байна.

Түүхч С.В.Волков “Улаан террор”-ын нийт хохирлыг хоёр сая орчим хүн гэж гаргасан байдаг. Энд Бүх оросын онцгой комиссын байгууллагуудын тогтоолоор буудан хороосон болон 1917-1922 оны иргэний дайны үед большевикуудын  хэлмэгдэлтэд өртсөн хүмүүсийн тоог оруулсан нь энэ.

 

Харин Хаант Орост 1825-1905 он, бүхэл бүтэн 80 жилд улс төрийн гэмт хэргийн төлөө 625 хүнийг л цаазаар авах ялаар шийтгэсний зөвхөн 191-ийг нь гүйцэтгэсэн байдаг аж. Харин 1905 оноос 1910 он хүртэлх хувьсгалын жилүүдэд 5735 хүнийг цаазаар авах ялаар шийтгэснийнхээ 3741-ийг нь л гүйцэтгэжээ.

 Феликс Эдмундович Зержинскийн “Онцгой комиссын өдрийн тэмдэглэл” хэмээн хэвлүүлсэн номд  хувьсгалын эсэргүү болон тааламжгүй элементүүдийг хэрхэн устгаж байсан тухай сэтгэл сэрдхиймээр баримтууд байдаг. Энд зөвхөн 1918 оны ес, аравдугаар сарын баримтууд байгаа дотор Н.Булганины удирдсан Новгородын Онцгой комисс наймдугаар сарын 31-нд 141 хүнийг буудан хороож, 700 хүнийг хэд хоногоор баривчиллаа. Уралын Онцгой комисс Вятка хотод нэг долоо хоногийн дотор цагдаагийн 23 ажилтан, хувьсгалын эсэргүү 154 хүн, найман лам, катед намын гишүүн 28, офицер 186, баруун эсер меньшевик 10 хүнийг цаазлан хороолоо.

“Известия Царицынской Губчека” сонинд бас 1918 оны 3-10-ны долоо хоногт Онцгой комисс 103 хүнийг устгасан тухай мэдээлсэн байна. Энэ сонинд бас хувьсгалч нөхөр Егоровын амийг хөнөөсний төлөө 152 хүнийг буудан хороосныг мэдээлсэн байдаг.

 Гадаадад дүрвэн гарсан орос зохиолч Роман Гуль Бүх оросын онцгой комиссын боловсон хүчний талаар “Зержинский нийгмийн дэг журмыг эвдэлж Онцгой комиссын армийг сэтгэцийн эмгэгтэн, гэмт хэрэгтнүүдээр бүрдүүлсэн. Тэр өөрийнхөө энэ армийн айдас хүрэм хүчийг маш сайн мэдэж байлаа. Буудаад л байвал коммунизмыг амархан байгуулчихна гэж тэр итгэж байсан. Зержинский бүр 1918 онд Орос орон даяар муж, гацаа, хот, хөдөөд, тээврийн, фронтын, төмөр замын, үйлдвэрийн онцгой комиссын сүлжээ нэгж байгуулан тэдэнд “хувьсгалт цэргийн шүүх”, “онцгой хэлтэс”, “онцгой штаб”, “залхаан цээрлүүлэх отряд” байгуулах санал гаргаж байсан юм” гэж бичсэн байна.

Оросын түүхч С.П.Мельгунов “Орос дахь улаан террор” номдоо Онцгой комисст хэдхэн сар ажилласан Дора гэгчийн тухай бичсэн байдаг. Энд “Түүний жинхэнэ нэрийг Явлинская эсвэл  Евлинская гэж янз бүрээр бичсэн байна. Түүнийг Онцгой комиссст орохын өмнө  биеэ үнэлэгч байсан гэдэг. Тэр Онцгой комисст хэдхэн сар ажиллах хугацаандаа 700 гаруй хүнийг буудан хороосон гэнэ. Тэр бас буудан хороохын өмнө хүмүүсийг тамлан тарчлааж таашаал авдаг байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Тэр хүмүүсийн хумсан доогуур зүү шааж,  арьсан дээр нь загалмай түлэн, биеийн нь махыг хэсэг хэсгээр тасчиж авдаг байсан гэж нутгийнхны дунд тархсан яриа байдаг” гэсэн нь Роман Гулийн ярьсныг баталж байна.

“Улаан террор”-ын гол байгууллага Онцгой комиссыг тэргүүлэхийн зэрэгцээ Зержинский Хүүхдүүдийн амьдралыг дээшлүүлэх комиссын даргаар ажиллаж орон гэргүй тэнэмэл, өнчин  хүүхдүүдийг хүлээн авах, хуваарилах ажил хийж байсан гэдэг. Тэрээр  хүүхдийн асрах газар, “коммун”, хүүхдийн хотхон  байгуулж хувьсгалын эмх замбараагүй үеэр, эцэг эх нь алуулж, өнчрөн тэнэж явсан мянга мянган хүүхдийг хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлэн хооллож, ундалж хичээл заан, төлөвшүүлэх ажил хийсэн гэдэг. Хожим нь энэ байгууллагыг нэрт сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко үргэлжлүүлэн удирдаж байсан юм.

Зөвлөлт Холбоот улс, социалист орнуудад дотоод хэрэг, цагдаагийн ажилтнуудын нэгэн үеийн шүтээн байсан, угтаа бол Октябрийн хувьсгалын дараа большевикуудын өдөөсөн “Улаан террор-хядлагын” гол зүтгэлтэн, санаачлагч, хэрэгжүүлэгч “Хүндэт чекист”,  “Төмөр” Зержинский буюу Феликс Эдмундович Зержинский гэж ийм хүн байлаа.