Дэлхийн эдийн засаг долоон их наяд ам.доллар алдагдал хүлээнэ

Дэлхийн мэдээ

Коронавирусын цар тахал дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулж 2021 оны эцэс гэхэд энэ хохирлын хэмжээ долоон их наяд ам.долларт хүрнэ гэж олон улсын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тооцсон байна. “Их уналт” хэмээн нэрийдсэн 2008 онд дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хямрал бол энэ удаагийнхыг бодвол юу ч биш байсан гэж шинжээчид хэлж байна. 

Олон улсын валютын сан бүр өнгөрөгч дөрөвдүгээр сард арван хоёр жилийн өмнө тохиосон “их уналт” бол одоо биднийг хүлээж байгаа хямралтай харьцуулах аргаггүй гэж анхааруулж байлаа. 

2008 онд дэлхий дахины дотоодын нийт бүтээгдхүүн 1.83 хувь өсч байсан бол 2009 онд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа 2.3 хувиар буурсан юм.

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцсоноор 2020 оны эцэс гэхэд дэлхийн эдийн засаг зургаан хувиар унах төлөвтэй байна гэжээ. Дахиад шинэчилснээр бол 4.5 хувь унана гэж байна. Гэлээ ч энэ бол  дэлхий дахины шинэхэн түүхэнд бол үнэхээр байж боломгүй уналт.  

Энэ бүхнээс үзэхэд коронавирусын цар тахал намжихгүй үргэлжилсээр 2021 оны эцэс гэхэд дэлхийн эдийн засгийн алдагдал  долоон их наяд ам.долларт хүрэх юм байна. Энэ бол АНУ, БНХАУ-ын жилийн төсвийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээ. АНУ-ын жилийн төсөв 4.1 их наяд байдаг бол Хятадынх 3.2 их наяд ам.доллар байдаг. 

Эдийн засаг дахь хамгийн хүнд цохилт энэ оны эхний улиралд буюу хөл хорио, хязгааралт хамгийн чанга байсан үед тохиосон. Хоёрдугаар улиралд бол  тэргүүлэх орнууд мөн л урьд хожид байгаагүй хүндрэлтэй учирч АНУ-ын Дотоодын нийт бүтээгдхүүн 32.9, Европын холбооных 14.4 хувиар унажээ. Европын голлох орнуудын ДНБ-ний алдагдал хоёр оронтой тоонд эргэлдэж байсны дотор Их Британийх гэхэд л 21.7 хувьд хүрсэн. 

Улс орнуудын зас­­гийн га­зар эдийн зас­гаа хэвийн бай­далд оруулах гэж дэмжлэг бол­гон их наяд их, наяд ам.доллар зар­цуулж байгаа ч  энэ нь хүрэл­цэхгүй, бүрэн дэмжлэг болж чадахгүй байна. Гэхдээ төсвөөс үзүүлж байгаа ийм дэмжлэг үгүй бол нөхцөл байдал улам хүндэрх байсан гэж Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тэмдэглэж байна. 

Дэлхий даяар үйлчилгээний салбар, тээвэр, аялал жуулчлал, зочид буудал, зугаа цэнгэлийн салбар хамгийн ихээр нэрвэгдсэн. Энэ салбарт дампуурлын давалгаа эхэлсэн гэж болно. Эрэлт эргэн сэргэхгүй бол цаашид ч энэ салбарынхан дам­пуурлаас зайлж чадахгүй гэж эдийн засаг­чид хэлж байна. Үр дүнд ажилгүйдэл газар авч, ядуу­рал, тэгш бус бай­дал нэ­мэг­дэнэ. Илүү их эрсдэл зах зээ­лийн эдийн за­саг­тай ор­нуу­дад нүүрлэнэ гэжээ. 

Корона­виурсын таван жил

Оны сүүлийн улиралд эдийн засаг сэргэх за­рим шинж ха­раг­даж 2021 оны эц­сийн дүн­гээр дэлхийн Дотоодын нийт бүтээг­дэхүүн  та­ван хувь өсө­хөөр бай­гаа ч  хэвийн байдалдаа тэр бүр хурдан орж чадахгүй гэж Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Кармен Рейнхарт хэлээд  коронавирусын үр дагавар “бүхэл бүтэн таван жил үргэлжилнэ”, ядуу орнууд илүүтэй их нэрвэгдэнэ гэсэн байна. 

Энэ байдал удаан үргэжилнэ гэж Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ч хүлээн зөвшөөрч байгаа юм.

“Вирустэй хамт бид бүр олон сар хамт байх нь. Энэ нь өмнөх эдийн засгийн идэвхтэй байдалд аль болох хурдан эргэн орохыг үгүйсгэж байна. Энэ бол ноцтой үр дагаварт хүргэнэ” гэж Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий эдийн засагч Лоуренс Бун хэлж байна. 

Германы Deutsche Bank-ны шинжээчдийнхээр бол энэ хямрал дэлхий дахины эдийн засгийн бүхий л бүтцийг эвдэж “эмх замбараагүй байдлын эрин үе”-ийг эхлүүлнэ гэнэ. 

“Эдийн засгаас эхлээд хөрөнгийн үнэ цэнэ, улс төр, амьдралын хэв маягийг бүхэлд нь тодорхойлдог “бүтцийн супер тойрог” бий болж байна. Коронавирус биднийг ийм шинэ эрин үр рүү хөтөллөө. Эдийн засгийн өсөлтийг ганц дэмждэг даяаршлыг удаашруулснаар хувьцааны үнэ сүүлийн 40 жилд байгаагүйгээр нэмэгдсэн. 

Улс орнуудын засгийн газар, корпорациудын өр улам өслөө. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тооцсоноор дэлхий дахины ард иргэд, компани аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагууд, засгийн газрын өр нийтдээ 255 их наяд ам.долларт хүрсэн гэнэ. Энэ нь дэлхийн нийт Дотоодын нийт бүтээгдхүүнээс гурав дахин их болж, аажимдаа “өрийн бөмбөг” тэсрэхэд хүрч магадгүй гэнэ. 

Х.ӨЛЗИЙ