Тавтай морил, Мотэги Тосимицу

Дэлхийн мэдээ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайваны урилгаар Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тосимицугийн албан ёсны айлчлал эхэллээ. 

Мотэги Тосимицу айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийнэ. Айлчлал цар тахлын үед болж байгаа болохоор эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн нарийн дэглэм баримтална гэж Гадаад хэргийн яам мэдээлж байна. 

“Япон улс манай орны худалдааны гол түнш, 2016 оноос хойш чөлөөт  худалдааны хэлэлцээр үйлчилж байгаа. Худалдааны эргэлт 600 сая ам.доллар болж хөрөнгө оруулалтын хэмжээ 900 сая ам.долларт хүрсэн. Бид, Covid-19-ийн цар тахлын эсрэг  хэрхэн хамтран тэмцэх, эдийн засгийн хүндрэлийг яаж даван туулах талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудал хэлэлцэнэ” гэж  Монгол Улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ. 

Өнгөрөгч аравдугаар сарын 5-нд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улсаас Монгол Улсад суугаа  Японы Элчин сайд Кобаяши Хироюкитай уулзаж Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын цахилгаан хангамжийг шийдэх, нарны болон салхины эрчим хүчний үүсгүүр  барих боломжийн талаар санал солилцсон байна. 

Мотэги Тосимицу

 

• Тосимицу Мотэги 1955 оны аравдугаар сарын 7-нд японы Тотиги аймгийн Асикага хотод төрсөн. 

• 1978 онд Токиогийн их сургууль, 1983 онд Харвардын их сургуульд төрийн удирдлагын мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

 

Карьер

 

• 1978-1992 онд Марубени корпораци, “Йомиури Симбун” сонинд  улстөрийн тоймч, зөвлөх McKinsey и Heisei Ishinkai компанид ажиллаж байжээ. 1993 онд японы Либерал ардчилсан намд элсч есөн удаа парламентын гишүүнээр сонгогдсон байна. Намдаа  сонгуулийн стратегийн хорооны болон  дотоод хяналтын хорооны даргын алба хашиж байж.

• 2002-2003 онд Японы Гадаад хэргийн дэд сайд, 2003-2005 онд Окинава болон Хойд нутгийн асуудал хариуцсан  төрийн сайд, Шинжлэх ухаан техник, мэдээлэл технологийн сайдаар ажиллаж байлаа. 2005-2007 онд Токиогийн Васэда их сургуульд уригдан хичээл заасан байна. 

• 2007-2008 онд Ясуо Фукудагийн Засгийн газарт Санхүүгийн үйлчилгээ, захиргааны шинэчлэл хариуцсан төрийн сайдаар ажиллаж байжээ. 

• 2012 оноос Шнзо Абэгийн засгийн газарт эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн сайд, Эдийн засгийг сэргээх сайд зэрэг ажил хариуцаж ирсэн байна. 

• 2019 оны есдүгээр сарын 11-нд Тосимицу Мотэги  ерөнхий сайд Шинзо Абэгийн зургаа дахь танхимд Гадаад хэргийн сайдаар томилогдсон юм. 

Үзэл бодол

• Тосимицу Мотэги японыг олон үндэсний улс байж, гадаадын иргэдэд сонгуулийн эрх олгохын төлөө байдаг нэгэн. Англи хэлийг төрийн хоёр дахь хэл байлгах гэж үздэг. 

• Тэрээр “Японы дипломат бодлогын  боломж”, “Ялагчдын сонголт:Аж үйлдвэрийн шинэ хувьсгал”, “Нийслэлийн таагүй байдал, муж хязгаарын сандрал”, “Японы эдийн засгийг сэргээх эцсийн хариулт” зэрэг ном бичсэн. 

Спортоор хичээллэх, ном унших, аялах дуртай нэгэн. 

Х.ӨЛЗИЙ