Хөлбөмбөгт нугасгүй дуртай өөрхөн “эмгэн” МС

Соёл урлаг, Спорт

Гутлаа хааш, яаш майжиг гишгэсэн сарампай улаан дээлтэй эмгэн нүдний шилээ хөмсгөндөө тултал шахаж зүүснээ байн байн тэмтчин, алхана. Нэлээд хол газар алхсан бололтой амьсгаагаа даран суух зуураа хоолойгоо зангируулж ирээд нулимсаа залгин байж хэдэн үг хэлнэ... Юу болсон, цааш юу болохыг огт мэдэхгүй, төсөөлөөгүй атлаа л “эмгэн”-ий энэ төрх байдлыг хараад өөрийн эрхгүй огшино. Бүүр нулимс бүрхээд ирнэ... Дүрийг амилуулна гэдэг энэ ажгуу. Дотортой жүжиглэнэ гэх эрдэм, авьяасаа ингэж гаргаж, үзэгчдийг дагуулдаг байх нь. Жүжигчин Ж.Мөнхсайханы тайз, дэлгэцийн олон, олон дүрийн нэгээхэн хэсэг нь хэд хоногтоо л зүрх, сэтгэлээс  холддоггүй. Нүднээс салдаггүй. Түүний бүтээсэн олон дүр нулимстай инээд дагуулдаг. Ингэж уйлах, инээх хоёрыг зэрэг “бэлэглэх”-ийг жүжигчний авьяас гэхээс өөр юу гэлтэй. 

Эмгэн... хүүхэн...  охин... эрэмгий бас түрэмгий эр... тэгснээ адгийн хар атаат “дайсан” гээд эерэг, сөрөг, эр, эм бүх л дүрд хувирч чаддаг... Гэхдээ зүгээр л нэг алиа хошин талаасаа биш. Яах аргагүй тэр дүрийг амилуулж, хүргэж чаддаг гэдгээс санал зөрөх үзэгч үгүй буй за. 

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан тухай мэдээ сонсоод өөрөөс нь илүү баярласан хүн олон.

Харин жүжигчин Ж.Мөнхсайхан Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсныхаа дараа:

-Өнөөдөр чинь “Золиг”-ийн сайхан өдөр байна хэмээсэн. Түүний энэ үг хүн бүхэнд илгээсэн талархал байлаа. Тэрээр ийм л хошин мэдрэмжтэй, ийм л энгийн нэгэн билээ.

“Өнгөт инээд” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрээр одоо “Маск” продакшнд харьяалагддаг.

 Амьдрал баян. Тэр дотроо хүний амьдралд хар, цагаан сүлэлдэн байдаг нь орчлонгийн жам. Анхныхаа эхнэрээс  салсан ч хоёр дахь амьдралдаа гоомой хандаагүй гэж нөхөд нь дурсдаг юм билээ.  Гурван хүүхдийн аав МС багадаа тун хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Ямартаа л хөл бөмбөг сонирхлоо сонирхлоо гэхэд ан­гийн­хаа хэдэн хөв­гүү­дийн малгайг өшиглөж багшаасаа банга хүртдэг байх вэ дээ. Сахилга­гүй­хэн жаал хүүг өнөөдөр Монголын хошин урлагийн тайзнаа “эмгэн”-д хувиран жүжиглэнэ хэмээн тухайн үед төсөөлж байгаагүй тухайгаа ярих багын найзууд нь ч цөөн биш. Гавьяат бо­лоогүй байхдаа гавьяагаа үнэ­лүүлсэн жү­жиг­­чин бол Ж.Мөнхсайхан гэдэг­тэй МУГЖ И.Одончимэг санал нэг байна лээ шүү.

Я.МОНГОЛ