Дональд Трамп эмчилгээгээ Цагаан ордонд үргэлжлүүлэхээр эмнэлгээс гарлаа

Дэлхийн мэдээ

АНУ-ын зүүн эргийн цагаар Даваа гарагийн орой ерөнхийлөгч Дональд Трамп эмчлүүлж байсан эмнэлгээсээ гарч, Цагаан ордныг зорьжээ.

Тэрбээр Covid-19 өвчнөө эмчлүүлэхээр нийслэл Вашингтоны ойролцоо оршдог Уолтер Рид цэргийн эмнэлэгт гурав хоносон юм.

Трамп эмнэлгээс гарахынхаа өмнөхөн твиттер хуудсандаа “Covid-оос битгий айцгаа. Энэ өвчнөөр амьдралаа бүү дарамтлуул. Трампын засаг захиргааны удирдлага дор бид коронавирусийн талаар их мэдлэгтэй болж, сайн эм бүтээж чадсан. Миний бие одоо 20 жилийн  өмнөхөөсөө ч сайн байна” гэж бичсэн байна.

Амны хаалт зүүсэн Трамп нисдэг тэргээр Цагаан ордонд хүрснийхээ дараа Трумэний тагтан дээр ганцаараа зогсоод сэтгүүлчидтэй мэндчилжээ. Энэ үеэр тэр амны хаалтаа авч, эрхий хуруугаа гозойлгон харуулаад цэргийн ёсолгоо үйлдсэн байна.

Цагаан ордонд тархсан вирусийн халдвар өргөжиж, өчигдөр хоёр ажилтан нэмж өвчилжээ.

Ингэснээр Цагаан ордноос гаралтай халдварын тохиолдол 12 болж нэмэгдэж байна. Трампыг эмнэлгээс гарахын өмнө Цагаан ордны ерөнхий эмч Шон Конли сэтгүүлчидтэй уулзахдаа “ноён ерөнхийлөгч бүрэн эдгэрээгүй байгаа ч түүнд дэлхийн хэмжээний эмчилгээг долоо хоногийн 24 цагийн турш үзүүлсээр байх болно” гэж мэдэгджээ.

Вирусийн эсрэг үйлчилгээтэй Remdesivir эмийг Трамп эмнэлгээс гарсныхаа дараа үргэлжлүүлэн ууж, стероид эмчилгээгээ үргэлжлүүлнэ гэж тэр мэдэгдсэн байна. Трампын бие түргэн сайжирч байгааг хэлсэн Конли “Дараагийн долоо хоногийн Даваа гараг хүртэл ерөнхийлөгчийн бие одоогийнхоосоо ядаж муудахгүй, дээрдэж чадвал бид бүгд бүтэн амьсгаа авах боломжтой болно” гэж ярьжээ.

Эх сурвалж: BBC